70 настай Н.Алтанцэцэг: Нас бол тоо шүү дээ. Дуртай зүйлээ хийж байгаа хүн ядардаггүй юм

Т.Отгонсувд
5 цаг 8 минутын өмнө

Эгэл ардын амьдрал үзэл бодлыг сонсдог "Эгэл амьдрал" ярилцлага энэ удаагийн дугаартаа Хархорин зах дээр хоол зардаг Н.Алтанцэцэгтэй ярилцлаа. 

Н.Алтанцэцэг 70 настай. Ардчилал эхэлж ажилгүй болсоноор хамгийн сайн чаддаг зүйл болох хоол хийж, зарж эхэлсэн. Хөвсгөл аймгийн уугуул тэрээр Хөвсгөлийн зах дээр хоол зарж байгаад Улаанбаатар хотод ирж, Хархорин зах дээр бууз, банштай цай зарж эхэлжээ. 

Өвлийн хүйтэн, зуны халуун гэлгүйгээр үүрийн таван цагт босч хамгийн чанартай материалаар сэтгэл гарган хоолоо хийгээд шар тэргэн дээрээ түрэн ирнэ. 

Н.Алтанцэцэг "Одоо би 70 шүргэж явна. Хүмүүс харчхаад "Та ядрахгүй байна уу. Би таны насан дээр ингэж явж чадахгүй байх аа" гэлцдэг. Тэгэхээр нь би нас бол тоо шүү дээ гэж хэлдэг/инээв/. Дуртай зүйлээ хийж байгаа хүн чинь ядардаггүй юм. 

Хүнд халуун хоол цай өгнө гэдэг чинь буян байхгүй юу. Хархорин зах дээр хоол зараад 30 жил болж байна. Манай захынхан намайг андахгүй, хоолонд маань ч дуртай. Хоол хийж байгаа хүний сэтгэл ариун байх хамгийн чухал. Тиймээс би үр хүүхдүүддээ зориулж байгаа юм шиг л сэтгэлээр хоолоо хийдэг. 

Хүн хөдөлмөрлөж байхад бүх зүйл болно. Би тэргээ түрж, хоолоо зараад гурван хүүхдээ дээд боловсролтой болгосон. 

Залуучууд минь ажил гололгүй хийж, тууштай байгаарай" хэмээв. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна