Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, “Легал дата” ХХК, “Тунгаахуй өгөгдлийн урлан” ХХК-тай хамтран их, дээд сургуулийн оюутан, судлаач, мэргэжлийн албан хаагчдын дунд зарласан эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны хоёрдугаар шатны хэлэлцүүлэг өнөөдөр (2024.12.20) болж, дүнгээ гаргалаа.
Уралдаанд оюутан, судлаач, хуульч, өмгөөлөгч, сэтгүүлч зэрэг 110 гаруй иргэн оролцохоо илэрхийлснээс зохион байгуулагчид 13 илтгэлийг хоёрдугаар шатанд хэлэлцүүлэх шаардлага хангасан гэж үзэн шалгаруулсан юм.
Хоёрдугаар шатны хэлэлцүүлэгт оролцогчид Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотойгоор жендэрийн тэгш эрхийг дэмжсэн болон бусад хуулийн зохицуулалтын үр нөлөөг тодорхой дүгнэх, Сонгуулийн процессын эрх зүйд тулгамдаж буй асуудлыг бодит тоон мэдээлэлд тулгуурлан хөндөж, сайжруулах санал боловсруулах хоёр үндсэн сэдвийн хүрээнд илтгэлээ хэлэлцүүлэв.
“Сонгууль-2024” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд шүүгчдийн нийлбэр оноогоор дараах бүтээлүүд шалгарлаа.
Тэргүүн байрт хуульч, өмгөөлөгч Э.Эрдэнэхишиг “Жендэрийн тэгш эрхийг хангахад Монгол Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулийн хууль тогтоомж, улс төрийн намын тухай хуулийн үзүүлсэн үр нөлөө”
Хоёрдугаар байрт судлаач Х.Норовсүрэн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн биелэлтийг хангах нь”
Гуравдугаар байрт оюутан Г.Анхзаяа, Б.Өсөхбаяр нар “Сонгуулийн процессын тулгамдсан асуудал-сонгуулийн ирцийг нэмэгдүүлэхэд эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь”
Тусгай байрт судлаач Р.Хатансайхан, О.Энххүслэн, Х.Гэрэлчимэг нар “Сонгуулийн үеийн хүний үндсэн эрхийн асуудал ба Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль” илтгэлээрээ тус тус шалгарав.
Уралдаанд шалгарсан илтгэгчдийг өргөмжлөл, мөнгөн шагнал, legaldata.mn цахим санг ашиглах алт, мөнгөн багцаар шагнав. Түүнчлэн илтгэлүүдийг нь Сонгуулийн ерөнхий хорооноос эрхлэн гаргадаг “Сонгуулийн боловсрол” сэтгүүл, “Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Хууль дээдлэх ёс” сэтгүүлд нийтэлж, Хууль зүйн нэгдсэн цахим сан legaldata.mn цахим сангийн видео болон цахим байршуулан олон нийтийн хүртээл болгоно.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой зохицуулалтууд, түүнээс үүсэж, өөрчлөгдөж, нөлөөлж буй үр дүнд нээлттэй дата мэдээлэлд үндэслэсэн судалгаа, шинжилгээний ажил, бүтээл туурвих судлаачдын тоог нэмэгдүүлэх, сонгуулийн дата мэдээллийг судалгааны эргэлтэд оруулах зорилготой уг уралдааныг уламжлал болгохыг зохион байгуулагчид онцолсон юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна