ӨВӨЛ АЙСУЙ: Азийн улсуудыг хатуухан сорилт хүлээж байна

Х.Батсайхан
Өчигдөр 10 цаг 54 минут

Энэ өвөл Азийн орнуудын хувьд олон жилийн дунджаас хүйтэн байна гэсэн анхааруулгыг олон улсын болон үндэсний цаг уурын албадын гаргасан таамгалалууд баталж байна.

Японд энэ жил арванхоёрдугаар сарын эхээр цас орж хүйтэрсэн. БНСУ-д өнгөрсөн арваннэгдүгээр сард нэг өдөрт орсон цасны хэмжээгээр 1972 оноос хойших дээд үзүүлэлт бүртгэгдсэн. 

БНХАУ-д олон жилийн дунджаас хүйтэн өвөл болох төлөвтэй. Хүйтэн, хатуу ширүүн цаг агаараараа бүс нутагтаа Монголын дараа ордог Киргизстан, Тажикистанд ч ижил анхууруулга гарсаар байна.

Өнгөрсөн жил зудын гамшигт нэрвэгдсэн Монгол Улсын хувьд энэ нь илүү хүнд тусаж мэдэхийг дээрх мэдээллүүд харуулж байгаа юм.

Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын эхээр гаргасан мэдээлэлд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 50 хувь нь цасан бүрхүүлтэй байгаа гэж дурдсан бол өнгөрсөн ням гарагийн байдлаар энэ үзүүлэлт 64 хувьд хүрчээ.

Монгол орны өвөл Сибирийн өндөр даралтын орны нөлөөнд байдаг. Маш хахир хатуу жаварлаг уур амьсгалын урд үзүүрт байдаг. Өнгөрсөн жил манай улсад сүүлийн 50 жил орж байгаагүй их цас унаж, их зуд болсон. Зудын гамшгийн хохирол жил дараалахаас шалтгаалж нэмэгддэг. Тиймээс энэ өвөл бэлтгэлтэй байхыг цаг агаар сануулж байна.   

Цаг уурын байгууллагаас гаргасан таамаглалаар ирэх нэг, хоёрдугаар сар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа.

Тодруулбал, Баян–Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Өвөрхангайн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас илүү цас орох төлөв гарсан бол хоёрдугаар сард Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Хэнтийн баруун, Дундговийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, Завханы нутаг, Увсын ихэнх, Говь–Алтайн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна