Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өчигдөр фэйсбүүк хуудастаа "Улаанбаатар Метро төсөл дээр Английн Засгийн газар баталгаа гаргахаар боллоо" гэж бичжээ.
Тэрбээр өнгөрсөн сарын 18-ны өдөр хийсэн мэдээлэлдээ “Метро, Туулын хурдны зам, тойрог замаа хөдөлгөж түгжрэлээс ангижирна. Гэр хорооллыг орон сууцжуулж, эрчим хүчний төслүүдээ хөдөлгөж байж утаа, агаарын бохирдлоосоо сална.
Түгжрэл бууруулах ажлын хүрээнд ирэх жилийн нийслэлийн төсөвт Туулын хурдны замын төсвийг бүрэн тавьсан. Метроны бүтээн байгуулалтын ажилд Их Британийн Засгийн газраас баталгаа гаргах санал ирүүлсэн бөгөөд яриа хэлэлцээрүүд хийгдэж эхлээд байна. Тодруулбал Их Британийн Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт гурван тэрбум фунт стерлингийг 15 жилийн хугацаатайгаар метроны төсөлд гаргах баталгааны бичиг ирүүлэхээр болсон.
Мөн 25 жил амнаас ам дамжин яригдсан V цахилгаан станцын ажил гараанаас гарахаар болсон. Уг төсөлд хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжтэй хэлэлцээр хийсэн. Бид V станцыг одоогийн “ТЭЦ II” станцын үнсэн санг түшиглэн батлагдсан бэлэн ТЭЗҮ-ийг үндэслэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийхээр төлөвлөөд байна” хэмээсэн.
Тэгвэл Хотын даргын өчигдрийн мэдэгдлээс дээр дурдсан ажлуудаас метроны төсөлд Британийн Засгийн газраар баталгаа гаргуулах ажил эцэслэн шийдэгджээ.
Английн хувьд, метрог анх барьж нийтийн тээвэрт ашигласан улс бөгөөд дэлхийн анхны метро анхны метро 1868 онд Лондон хотод ашиглалтад орж байсан түүхтэй.
Ач холбогдлыг нь энгийнээр илэрхийлбэл, 2025 оны байдлаар дэлхийн зургаа дахь том эдийн засагт тооцогдож буй /3.73 их наяд ам.доллар/ Англи улсын Засгийн газар баталгаа гаргаснаар хөрөнгө оруулагчид манай метроны төсөлд хөрөнгө оруулахаар өрсөлдөх, улмаар үнэ буурах, гэрээний нөхцөл сайжрах зэрэг манайд ашигтай олон эерэг үр дүн гарах юм.
Метро бол манай улсдаа л мега төсөл тул тодорхой эрсдэл бий. Тухайлбал, хугацаа сунжирч, өртөг өсөн, өр ширэнд орлоо гэхэд санхүүжүүлэгч улс орон стратегийн салбаруудад нь орж ажилладаг жамтай. Тэр эрсдэл тодорхой хэмжээгээр алсарч байж болох юм гэсэн итгэл байна.
Метроны гүйцэтгэгчийн тендерийг өнгөрсөн онд зарласан бөгөөд ирэх сард нээх билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна