Төр түшээд ТЭРБУМТАН болтлоо хөлжсөн УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан

Zuv.mn
Өчигдөр 12 цаг 00 минут

Өнгөрсөн дөрвөн жил парламентын гишүүнээр ажиллахдаа хамгийн их "хөлжсөн" гишүүдийн нэг бол Э.Бат-Амгалан. 

Түүний хувьд 2019 онд НИТХ-ын төлөөлөгч байхдаа жилийн 170 сая төгрөгийн орлоготой, 1.2 тэрбумын орон сууц, барилга байгууламжтай, 5.2 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн ХОМ-доо мэдүүлж байв.

Тэгвэл 2023 онд жилийн орлого нь 290 сая болтлоо нэмэгдэж, 2.7 тэрбумын байр, орон сууц, авто гражтай болсон байна. 

Мөн 2019 онд 614 сая төгрөгийн зээлтэй байсан Э.Бат-Амгалан УИХ-ын гишүүн болоод тун удалгүй зээлээ төлж, 420 сая төгрөгийн хадгаламжтай болсныг та бүхэн харж байна. 
 

Товчхондоо, НИТХ-ын төлөөлөгчөөс төрийн ордонд залраад маш богино хугацаанд хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн гэсэн үг. 

Мөн УИХ-ын гишүүн байхдаа буюу 2022 оноос ОПТУ ХХК-д хувьцаа эзэмшдэг болсон нь анхарал татна. Түүний хувьд өмнө нь өөрийн нэр дээр ямар нэгэн компани эзэмшдэггүй хэмээн мэдүүлдэг байсан юм. 

Харин "Батхаан групп ХХК" Э.Бат-Амгалантай шууд холбогддог. Түүнийг улс төрд хөл тавьснаас нь эхлээд л "Баар, зочид буудлын" эзэн гэх тодотгол өнөөг хүртэл салаагүй. Учир нь  Э.Бат-Амгалангийн аав Б.Энхтайваны "Батхаан групп ХХК" нь Баянгол дүүрэгт “Батхаан” нэртэй зочид буудалтай, Баянзүрх дүүрэгт “Батхаан центр” гэх баар, караокег эзэмшдэг байна. 

Нээлттэй мэдээллээс харвал 2022 оныг хүртэл хувьдаа нэг ч компанигүй байсан Э.Бат-Амгалан хөрөнгө, орлого нь үлэмж нэмэгдэж, хөрөнгөжиж, хөлжсөн нь анхаарал татна. Гэтэл  энэ бүхэн нь 2022 оноос эхлэн хувьцаа эзэмшиж эхэлсэн ОПТУ ХХК-тай холбоотой гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм.

ОПТУ ХХК нь хэдхэн жилийн өмнө Улаанхуаранд сүндэрлэсэн "Кайду молл” гэх 10 давхар худалдаа, үйлчилгээний зориулалттай төвийг ашиглалтанд оруулсан. Мөн замын урд нийт найман га газарт найман блок, 23 давхар, 966 айлын “Кайду сити” хотхоныг барьж байна. /Энэ оны 3-р улиралд ашиглалтад орно/

"ОПТУ" ХХК-ийн Улаанхуаранд барьсан "Кайду молл"
"Кайду молл"-ын газрыг 2019 онд олгож байжээ


УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн хувь эзэмшдэг "ОПТУ" ХХК-ийн Улаанхуаранд сүндэрлэж буй "Кайду сити" хотхон

Түүнчлэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 1000 гаруй оршиг суугчтай "Монгол Хотхон"-ыг ч ОПТУ ХХК барьж байжээ. Ингээд харвал Э.Бат-Амгалангийн хувьцаа эзэмшдэг ОПТУ ХХК Баянзүрх дүүрэгт өндөр өндөр барилгуудыг ар араас нь сүндэрлүүлсээр байгаа нь анхаарал татаж байна. 

Мэдээж энгийн иргэн ч бай, УИХ-ын гишүүн ч бай бизнес эрхлэх эрхтэй. Гэсэн ч Э.Бат-Амгалан бол БЗД-ийн МАН-ын дарга, УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа нэгэн. 2020 оноос хойш УИХ, нийслэл, дүүрэг гээд шат шатны сонгуульд түүний баг ялалт байгуулсан. Тиймдээ ч дээрх төслүүдээ урагшлуулахад өөрийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, нөлөөлсөн байж болзошгүй гэх хардлага төрүүлж буй.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.119.84
    13 цагийн өмнө

    Хахаха хөгийн мэдээ вэ. Сурталчилгаа л бололтой

    Хариулах