Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удирдаж, сэхээний тасагт амь тэмцэж, хэзээ сэргэх эсэх нь тодорхой бус мэт тус салбарыг энгийн тасагт шилжүүлсэн мэт он жилүүд өнгөрөв.
Саяхандаа ковид цар тахлын дараах эдийн засаг нь унаж, хүний нөөц ч үгүй болсон аялал жуулчлалын салбар 2023 онд 650.000 гаруй жуулчин хүлээн авч, түүхэндээ гадаад, дотоодоос хамгийн олон хүн үйлчлүүлсэн байдаг.
Манай улсыг зорих жуулчдын тоо 94 хувиар буурч, уналтад ороод байсан салбар жилийн дотор дээрх жуулчдаас 1.3 тэрбум ам,долларыг олж, уул уурхай эрдэс баялаг, хөдөө аж ахуйн салбарын дараах буюу гурав дахь эдийн засгийг бүрдүүлэх боломжтой салбараар нэрлэгдсэн юм.
Тухайн үед Монгол улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон, нэг сая жуулчин хүлээн авахаар төлөвлөснөө зарласан. Засгийн газар шийдвэрээ танилцуулах үеэс л амтай болгон нь тэнгэрийн мөрөөдөл ярилаа, хэн манайхыг тоож ирж, орлого олдог юм.
Үүний оронд амьдралтай шийдвэр гаргасангүй гэж байсан цаг саяхан. Арга ч үгүй юм. Аялал жуулчлалын салбар сүүлийн 10 гаруй жил хатаж, хорчийсон талх шиг болж, хүний нөөц нь 87 хувиар буурч, 2020 онд 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай ажиллаж буйгаа зарласан.
Гэтэл бусад улс орнууд аялал жуулчлалын салбараа хүртээмжтэйгээр хөгжүүлж, хөрөнгө оруулж, бодлогоор хөгжүүлсэнээр асар их төсөв төвлөрүүлдэг.
Атал манайх арай гэж хөгжүүлэх гээд гаргасан шийдвэрийг нь шүүмжилж цэц булаацалдаж ирэв.
Харин сүүлийн дөрвөн жил “Welcome to Mongolia” уриатай томоохон акцыг идэвхжүүлснээр багагүй амжилт гаргаад байгаа юм. Тухайлбал, 2023 оны улсын төсөвт аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго дор 4.9 тэрбум төгрөгийг тусгаж зарцуулсан гэж тухайн үеийн сайд нь мэдэгдсэн. Улмаар тухайн оны эцэст 1.3 тэрбум ам.доллар буюу 4.4 орчим их наяд төгрөгийг олжээ.
Хөрөнгө оруулалтыг үүнээс ч илүү гаргасан бол төд дахин нэмэгдүүлэх ч боломжтойг харсан, нүд нээгдсэн жилүүд ард хоцорчээ. Тэгэхээр салбарын мэргэжилтэн байтугай санхүүгийн тоглогчид, бизнес эрхлэгчид гээд хэн бүхэн энэ салбарт хөрөнгө оруулбал ашигтай гарах нь тодорхой юм байна гэдгийг дээрх цаасан дээр хараар бичигдсэн хэдхээн тоо батлав.
Оюутан залуус нээлттэй, хөгжих боломжтой салбар
Дэлхий даяар жилдээ 1.5 тэрбум орчим жуулчин аялдаг гэх судалгаа бий. Үүний ихэнх хувийг залуус эзэлж байна. Энэ бол эрчимтэй хөгжил хийгээд эрх чөлөөт нийгмийн үр шим. Ганцхан жишээ энд өгүүлье. “Nas summit” арга хэмжээг дэлхийн 10 гаруй оронд зохион байгуулсан.
Цахим ертөнцөд цахиур хагалж буй олон сая дагагчтай залуус “Nas Daily” багт бий. Дээрх арга хэмжээ манай улсад зохион байгуулж, контент бүтээгч залуусын өөр өөрийн өнцгөөр хийсэн контентуудыг дэлхийн 65 орчим сая хүн үзжээ. Цахим сувгууд аялал жуулчлалын салбарт ихээхэн нөлөө үзүүлж буй нь эндээс харагдана. “Nas summit” арга хэмжээтэй холбоотойгоор манай улсыг зорин ирэх жуулчдын тоо огцом нэмэгдсэнийг энд тэмдэглэх нь зүйтэй.
Энэ нь манай улсад ирэхээр сонирхож буй жуулчид цахим платформоор дамжуулан тансаг байгальтай танилцаж, аялах боломж бүрдээд байна.
Залуус ч энэ талбарт ажиллах нээлттэйн дээр мэргэжлийн хөтөч, тайлбарлагчийн богино хугацааны сургалтанд суралцаж, мэргэжлийн эрх, үнэмлэхтэй болох боломжтой.
Дахин давтагдашгүй байгаль, өвөрмөц тогтоц бүхий эх нутгаа олон улсад таниулахад залуусын оролцоо, дэмжлэг маш чухал байна.
Ирэх цагийн ирээдүйтэй салбар
Монголд аялал жуулчлалын салбар үүсэж, хөгжөөд 70 гаруй жилийн нүүрийг үджээ. 1990 оны эхэн үед гадны жуулчид нийслэл Улаанбаатар хотын гудамж талбайгаар хойд хөршийн автобус, БНСУ-ын 15 автобус, 10 орчим бенз хөлөглөж явсан түүхтэй.
Өдгөө нэг жуулчны компани л гэхэд 20 гаруй орны 160 гаруй тур оператор компанитай ажиллаж, жилд 10 мянга орчим жуулчин хүлээн авдаг болсон байна. Аялал жуулчлалын салбар зөвхөн дотооддоо жуулчин хүлээн авах бус дэлхийн 40 гаруй улс орон руу олон чиглэлээр дамжуулан Монгол Улсын иргэдээ аялуулдаг болсон тус салбар хөгжлийнхөө эрин үед ирсэн мэт анхаарлын төвд орчихсон байна.
Тэгвэл бид нэг сая жуулчин хүлээн авах зорилтдоо хүрэхэд ойрхон ирээд байна. Статистик мэдээллээс ажвал, 2024 онд 808 мянга гаруй жуулчин иржээ. Зөвхөн зуны улиралд буюу 6-8 сард ирдэг байсан 279 мянган жуулчин 2024 онд тэр улиралдаа 381 мянга болж нэмэгдсэн гэв.
Ирсэн жуулчид нэмэгдэж дагаад зочлох үйлчилгээний хүртээмж, чанар нэмэгдэж өмнөх алдсан алдаанаасаа суралцаж хөгжинө. Энэ л манай улсад ашигтай байхаас гадна улс орны хөгжил цаашлаад дэлхийд Монгол Улсыг сурталчлах нэг нэрийн хуудас юм.
Манайхыг тэр бүр зорьж ирдэггүй байсан улс орнуудын иргэд ирсэн гэх мэдээллийг хараад аргагүй л аялал жуулчлалын салбар нэг шат биш нэлээд хэдэн шатыг давуулан алхсан нь ажиглагдана. Аль хэдийнэ олон улсын анхаарлын төвд орж, эдийн засаг нь тогтвортой нэмэгдэж, томрох нь тодорхой тус салбарын ирээдүй алтан гадас од мэт гэрэлтэй байна.
Аялал жуулчлалын мэргэжлийн холбоонд тус салбарын холбоод нэгдэж илүү цэгцтэй болов
Аялал жуулчлалын компаниуд, хувь хүн иргэн бүр дор бүрнээ л жуулчид хүлээн авахаар эх орноо сурталчилж байв. Харин төрөөс нэгдсэн бодлого хэрэгжүүлж, санхүүжилтийг хоёр дахин нэмж, салбар яам нь бодлогын хэрэгжилтийг хангаж, тал тал тийш таран харсан салбарынхныг нэгтгэсэн “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо” нийтийн эрх зүйн хуулийн этгээд /2023/ байгуулсан гэх мэдээлэл бий.
Эргэн харахад тус холбоо байгуулагдсанаар салбарын нэгдсэн мэдээллээр хангаж, статистик тоо баримт дөнгүүр нэгтгэгдэж Монгол Улсыг сурталчилсан дотоодын болон олон улсад эвент, арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ.
Тухайлбал жилдээ ганц нэг ордог байсан олон улсын аяллын үзэсгэлэнг нэмж , 2024 онд олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд долоон удаа оролцож, “Go Mongolia road show” арга хэмжээг дөрвөн ч удаа зохион байгуулсан. Гадаад дахь Монгол орны сурталчилгаа арга хэмжээнүүдэд давхардсан тоогоор аялал жуулчлалын салбарын 150 гаруй аж ахуйн нэгж байгууллага хамтран оролцсон гэх судалгаа бий.
Мөн тухайн үйл явдал болж буй саруудад цахим орчинд Монгол орны тухай мэдээлэл улс дамнан олны анхаарлын төвд өртсөн нь дамжиггүй. Төр гадаад сурталчилгааны сувгаа АЖМХолбоогоор гүйцэтгүүлснээр аялагч нарын зан төлөвийг илүү сайн мэддэг мэргэжлийн багийнхан оролцож, тухайн орны нөлөөлөгч нараар дамжуулах, блог бичүүлэх,олон улсын томоохон хэрэгслүүдээр цацуулах, аяллын томоохон дилерүүдийн бизнес уулзалтыг хийх зэрэг тактик барьсан байна. Салбарын мэргэжилтнүүдийн эдгээр маркетингийн арга нь оновчтой байж жуулчны тоогоо ахиулсан.
Монголчууд бидний тухай сайн бас саарч мэдээллүүд олон улсад түгэн дэлгэрэхэд сүүлийн 30 жилд ихэвчлэн сайнгүй мэдээ дуулгадаг байсан. Харин Монгол Улсын тухай олон улсын зах зээлд таатай мэдээлэл илүү хүрдэг сайн жишиг тогтоод байна.
Тухайлбал, нэг жилийн хугацаанд цахим ертөнцийн нэр бүхий 25 нөлөөлөгч ирж, хийсэн контентыг 63 сая хүн үзэхийн хажуугаар томоохон аялал жуулчлалын вэбсайтад аялахад таатай орны нэгээр Монгол орон нэрлэгдсэн нь үүний тод жишээ.
АЖМХ өнгөрсөн оноос эхлэн жил бүр “Аялал жуулчлалын долоо хоног”-ийг зохион байгуулж байна. Энэ өдрүүдэд салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ олон төрөлд сургалт, хөгжлийн хөтөлбөрт хамруулж, олон улсын санхүүжилтийг нэмэгдүүлэх, хамтран ажиллах байгууллагуудаа татах зэрэг алсын харааны цар хүрээгээ өргөжүүлэхэд чиглэгджээ.
Аливаа салбарын хөгжилд бодлого боловсруулахад эрх зүйн орчныг сайжруулах замаар дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн алхах нь чухал тул энэ чиглэлд тус холбоо манлайлан ажиллаж байгааг онцлох хэрэгтэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна