Уламжлалт нүүдлийн амьдралын хэв маягтай, мал аж ахуй, газар тариалан эрхлэн амь зуудаг, туйлын хоцрогдсон, гаднын зарим эрдэмтдэд “Удахгүй сөнөж мөхнө” хэмээн гоочлогдож асан монголчууд 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны ардын хувьсгалаар эрх чөлөөгөө олж, улмаар 100 хүрэхгүй жилийн дотор цэцэглэн хөгжсөн билээ. Энэхүү хөгжил дэвшилд хүрэхэд уул уурхайн салбар, тэр дундаа зэсийн үйлдвэрлэл голлох байр суурийг эзэлж, үнэтэй хувь нэмрийг оруулсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Аранзал өнгөтэй энэхүү үнэт металлын ач холбогдол одоо ч буураагүй, харин ч Монгол Улс, монголчуудын хөгжилд дахин, урьд өмнөхтэй эн зэрэгцэхүйц чухал түүхэн биелүүлж эхлэх үе ирж байна.
Түүхийн шарласан хуудсыг эргүүлж, үнэний даваа нугачааг нэгжин бэдрэвээс монголчууд, Монгол Улс чухамхүү хамгийн зөв, хамгийн азтай замаар явж өнөө цагтай золгожээ гэх бодол өөрийн эрхгүй төрдөг билээ. Түүн лугаа нэгэн адил, эх орныхоо баялаг эрдэнэсийн санг нээх бүрийдээ ямар их азаар энэ нутагт суурьшсан билээ гэх омогшил төрж, эрдэмт дээдсээрээ бахархдаг. Өвөг дээдсийн зүсэлж үлдээсэн энэ газар нутаг, өнгөт зэсийн хамгийн том илэрцүүдтэй гэдгийг сонсож дуулж байсан хүний хувьд, түмэн бодисын дотроос ирээдүйд хамгийн чухаг нь зэс байж, түүхийн нэгэн үеийг бүтээх нь зайлшгүй болсныг мэдээд өмнөх мэдрэмж дахин сэргэж байна.
Уншигч авхайг уйдаахгүйн тулд, басхүү зэсийн салбарын хөгжлийг ярихын тулд эхлээд уул уурхайн салбарын хөгжлийн талаар цухас дурсаад үндсэн сэдэв рүүгээ орох нь зүйтэй болов уу.
Уул уурхайн салбарын хөгжлийн эхлэл
Монгол орны геологийн тогтцын тухай анхны баримт мэдээ XVIII-XIX зууны үед Н.М.Прежевальский, М.Б.Потанин зэрэг Оросын нэрт эрдэмтдийн удирдсан Оросын газар зүйн экспедиц, цэргийн мэргэжилтнүүд, худалдаачдын хийсэн судалгааны үр дүнд гарч эхэлсэн байдаг. Тэдгээрийн аян замын тэмдэглэл, зохиол бүтээлүүд Монгол орны байгалийн нөөц баялаг, түүх дурсгалын үнэт зүйлсийн тухай, ард түмний аж байдалтай танилцахад ихээхэн тус дөхөм үзүүлжээ.
Н.Пржевальский
Монголын төр анх байгуулагдсан цагаасаа л эрдэс баялгийн талаар тодорхой бодлого баримталж ажилладаг байсан нь Богд хааны “...эрхэм сүлд тахилга бүхий газар болбоос эрхэмлэж үл малтах нь харин зүй мөн. Бус энгийн газар нутаг дан ганц алт бус, ямар зоорь бий аваас зохихыг үзэж нээн авбаас зохимой. Авсан түүнийгээ ганцхан миний төлөө хэмээн битгий санагтун. Харъяат бүх улсын хэрэглэл болмой. Улс хэмээгч нь Та бүхнийг цөмийг өгүүлсний тул учрыг бүрнээ ухамсарлаж ёс журмыг дагаж явтугай. Битгий сөрүү бурууд дурлаж зөрчигтүн” хэмээсэн зарлигаас харагддаг. Одоогийн Үндсэн хууль, Ашигт малтмалын талаар төрөөс баримтлах бодлого зэрэгт туссан үндсэн ойлголтууд тэр үед ч мөрдөгдөж, зарлиг тушаалд тусч байсан гэдэг нь эндээс харагдана.
Монголын уул уурхайн салбарын нэн шинэ түүх 1922 онд Ардын засгийн газраас Налайхын уурхайг улсын болгох шийдвэр гаргаснаар эхэлдэг. Түүнээс хойш уул, уурхайн салбар өөрийн хөгжлийн тодорхой үе шатуудыг дамжин өнгөрч, өнөө үетэй золгожээ.
Уламжлалт мэдлэг зэсийн салбарын хөгжлийн эхлэлийг тавьсан тухай
Монголчууд эрт дээр үеэс ашигт малтмал, үнэт эрдсийг мэддэг, ямар газар байдаг вэ гэдгийг таамаглан тодорхойлж чаддаг байжээ. Монголын уул уурхайн салбарын хамгийн том бүтээн байгуулалт болсон Оюутолгой, Эрдэнэтийн уурхайн хайгуул судалгааны ажил эхлүүлэхэд монголчуудын хуримтлуулсан энэхүү уламжлалт мэдлэг, ажиглалт ихээхэн тус болсон байдаг.
Эрдэнэтийн овоо
Тухайлбал Эрдэнэтийн овооноос эрт дээр үед янз бүрийн эрдсийн талст, оюу зэрэг хагас эрдэнийн чулуунууд олддог байж. Зэс нь алт, молибден зэрэг бусад металлтай хамт байдаг, мөн оюу нь “зэсийн баас” гэгддэг эрдэс бөгөөд оюу байгаа газарт зэс заавал байдаг зүй тогтолтой. Монголчууд үүнийг мэддэг байсан учир тэрхүү уулыг Эрдэнэт хэмээн нэрлэсэн байдаг. Оюутолгойн ордын орчмоос ч дээр үед том, том хэмжээтэй оюу олддог, нутгийн айлууд түүнийг нь олж, гоёл чимэглэлийн зүйлд ашигладаг байсан байна. Тэр ч байтугай атгасан нударгын чинээ хөөрөг хийсэн тохиолдол ч цөөнгүй байжээ.Энэ нь Эрдэнэт, Оюутолгойд хайгуулын ажил явуулах сэжүүр болж өгсөн байдаг.
“Эрдэнэт" зууны манлай бүтээн байгуулалт
ХХ зуунд монголчуудын уул уурхайн салбарт хийсэн хамгийн том бүтээн байгуулалт нь “Эрдэнэт” УБҮ байсан. Энэхүү аварга үйлдвэр босох суурийг Чехийн геологичид, тэр дотор Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүндэтгэл үзүүлсэн Моймийр Краутер нарын ажлын үр дүн гол нөлөөтэй байсныг тэмдэглэхэд таатай байна.
Ашиглалтад орсон даруйдаа дэлхийн хамгийн том 10 уурхайн тоонд багтаж байсан энэ аварга уурхай 1978 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр зэсийн салбарын хөгжилд эрс шинэчлэлтийг авчирсан юм. Үйлдвэр анх ашиглалтад орсноосоо хойш хүчин чадлаа байнга нэмэгдүүлсээр ирсэн бөгөөд жилд 30 сая хүдэр боловсруулж, 600 орчим мянган тонн зэсийн баяжмал экспортолж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна