ЭЕШ: Сургалт муу байв уу, сонголт буруу хийв үү

Zuv.mn
11 цаг 45 минутын өмнө

2025-2026 оны Элсэлтийн ерөнхий шалгалт хэл амтайхан болоод өнгөрлөө. Өнгөрлөө ч гэж, Боловсролын үнэлгээний төв өнөөдрөөс өргөдөл гомдол хүлээж авах учраас өнөөдрөөс асуудлын учиг бага, багаар тайлагдах учиртай.

Ямартай ч эхний ээлжид Боловсролын сайд П.Наранбаяр амралтын өдрийг үл харгалзан цахим орчинд мэдэгдэл хийлээ. Мөн жил бүр бараг наймдугаар сарын эх хүрч байж олон нийтийд ил болдог шалгалтын материалыг Боловсролын үнэлгээний төв өчигдөр олон нийтэд ил болгосон байна.  

П.Наранбаяр сайд мэдэгдэлдээ математикийн хичээлийн шалгалтын материалд өмнөх жилүүдээс хүндэвтэр бодлогууд сонгогдсон гэдгийг ерөнхийдөө хүлээн зөвшөөрлөө.

Гэхдээ түүний хийсэн мэдэгдэлд эргэлзээтэй асуудлууд байна.

Нэгдүгээрт, нэ жил математикийн хичээлээр шалгалт өгсөн нийт шалгуулагчдын 52 хувь нь босго оноогоо давжээ. Энэ бол нөгөө талаараа 48 хувь нь тэнцээгүй гэсэн үг. Харин тэнцсэн гэх 52 хувь нь 490-ээс дээш дүнтэй шалгуулсан хүүхдүүд бөгөөд үндсэндээ 100 онооноос 20 оноо авахад 500 оноо авч байгаа гэдгийг сайд онцолсон байсан.

Нэгтгээд харахад, нийт хүүхдүүдийн 52 хувь нь л 100 онооноос 20-иос дээш оноо авсан гэсэн үг.

Гэтэл 10-15 оноотой шалгуулагчдын дотор математикийн хичээлдээ 80-аас дээш үнэлгээтэй суралцдаг сурагчид олон байсан. Ер нь бол анги болгоны математикийн хичээлдээ сайн хүүхдүүд л энэ хичээлийг сонгож шалгалт өгдөг гэж бодохоор сургалтын чанар муу байв уу, эсвэл Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд шалгалтын материалд орсон 40 бодлогыг сонгохдоо алдаа гаргасан уу гэсэн асуулт эндээс гарна.

Хоёрдугаарт, П.Наранбаяр сайдын мэдэгдэлд ЭЕШ зохион байгуулагчдыг, цаад утгаараа өөрийгөө өмгөөлсөн шинжтэй нэг баримт дурдагдсан нь “Математикийн хичээлээр 800 оноо авсан хүүхдийн тоо өнгөрсөн жилийнхээс долоогоор нэмэгдсэн" тухай.

Гэтэл 800 оноог тооцох аргачлалыг нь харахаар тухайн жилийнхээ шалгуулагчдаас хамгийн өндөр оноотойг нь сонгон 800 оноо гэж үзээд, 100 оноонд дүйцүүлэн шалгалтын нэг оноо хэчнээн “хэмжээст оноо” болохыг тодорхойлдог юм байна. Энэ жил 20 оноотой хүүхэд 500 оноо авч чадаж байна гэхээр 800 оноотой 30 гаруй хүүхэд ч төдийлэн өндөр үнэлгээтэй шалгуулаагүй гэсэн үг.

Бүр тодруулбал, П.Наранбаяр сайдын ойлгуулах гэсэн “Бусад нь өгч болоод байна”  гэдэг сэдэвтэй огт хамаагүй, бараг л бахархах биш, гутрах шалтгаан юм.

Гуравдугаарт, математик, англи хэлний хичээлийн даалгавруудыг гаднын улсын шалгалтуудаас авсан гэдэг мэдээлэл гарлаа. 

Тухайлбал, математикийн хичээлийн даалгавруудын багагүй хэсэг нь  Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад авдаг "Монбүшо" хөтөлбөрөөс авсан байгааг багш нар ч, сурагчид ч хэлж байна. Энэ асуултад БҮТ хариулах ёстой.  

Энэ мэтчилан жагсаагаад байвал баримт мундахгүй ч харамсалтай нь хариулт олдохгүй нь харамсалтай. Мэдээж, ЕБС төгссөн хүүхэд болгон их дээд сургуульд орох боломжгүй. Гэхдээ Монголбанкны "Хар жагсаалт"-д оруулж байгаад ББСБ, ломбард руу түлхдэг шиг, ЭЕШ-ын асуулт, бодлогыг хэт хүнд авснаар эцэг эхчүүдийг нь авлига руу түлхэх эрсдэл байгааг бүү мартаасай. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна