“Хөгжлийн банк”-ны мөнгөөр “Улаанбаатар банк”, ХХБ-ийг “угждаг” байсан байж болзошгүй О.Банзрагч дахин албан тушаалд санаархсан үү

Zuv.mn
6 цаг 38 минутын өмнө

Арилжааны банкууд санхүүжүүлж хүчрэхгүй, “Хөгжлийн, том төслүүдэд зээл гаргана” хэмээн байгуулагдсан Хөгжлийн банк төслүүдээ санхүүжүүлсэн ч юмгүй хэдэн их наяд төгрөг авлигач захирлууд, албан тушаалтнуудынх нь гараар ороод дууссан билээ. Зээлээ ам.доллараар өгч, ханшийн зөрүүг нь ААН-үүдэд үүрүүлсэн болохоор эцсийн, эцэст тэр их мөнгийг ард иргэд төлж, Хөгжлийн банкны авлигач захирал, албан тушаалтнуудын ихэнх нь цагдаа, шүүхийн үүд сахих нь сахиж, зарим нь ял авсан байдаг. Гэвч Монгол Улсын хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэх учиртай, Хөгжлийн банкны их хэмжээний хөрөнгийн урсгалыг өөрийн ажилладаг банк руугаа чиглүүлж, банкны дүрэм журмыг ноцтой зөрчиж, асар их хөрөнгийг эрсдэлд оруулж байсан байж болзошгүй О.Банзрагч гэгч сугарч үлдсэн байдаг аж. 

Ноцтой нь, энэхүү О.Банзрагч гэгч нь Хөгжлийн банкинд дахин албан тушаалд очихоор хөөцөлдөж байгаа гэсэн мэдээлэл байна.

О.Банзрагч Хөгжлийн банкны мөнгөөр өөрийн ажилладаг банкуудыг дэмждэг байсан байж болзошгүй баримт

Хөгжлийн банк нь хөрөнгөө арилжааны банкуудад тараан байршуулж, зээл гаргах үедээ буцааж татан төвлөрүүлдэг. Гэхдээ энэ үйл ажиллагаа нь “МУХБ-наас арилжааны банкнуудад хадгаламж байршуулах, татан төвлөрүүлэх журам”-ын дагуу маш хатуу чанд хяналт дор явагддаг бөгөөд сар бүр арилжааны банкуудын санхүүгийн байдалд эрсдлийн үнэлгээ хийж, үнэлгээндээ үндэслэн тухайн арилжааны банкинд байршуулах мөнгөн хөрөнгийн дээд хэмжээг тогтоодог аж.

Гэвч О.Банзрагчийг Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байх үед Хөгжлийн банкнаас Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкинд удаа дараа эрсдлийн үнэлгээ хийж тогтоосон дээд хэмжээнээс илүү мөнгө байршуулж байжээ.

Тухайлбал, 2013- 2016 онд нийт мөнгөн хадгаламжийн 43.4-86.4 хувийг зөвхөн Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкинд төвлөрүүлж байсан бөгөөд Улаанбаатар хотын банканд байршуулах мөнгөн хадгаламжийн дээд хэмжээг 2015 оны 1-12 дугаар саруудад 144.4-186.5 тэрбум төгрөгөөр, 2016 оны 1-10 дугаар саруудад 31.1-153.9 тэрбум төгрөгөөр хэтрүүлэн байршуулж, дээрх журмын 3.1.429 дэх заалтыг зөрчсөн байна.

Мөн Худалдаа хөгжлийн банканд байршуулах мөнгөн хадгаламжийн дээд хэмжээг 2015 оны 1-3 дугаар саруудад 18.6-140.0 тэрбум төгрөгөөр хэтрүүлэн байршуулсан зөрчил гаргажээ.

Арилжааны банкинд дааж чадах хэмжээнээс нь илүү хадгаламж байршуулна гэдэг тухайн хөрөнгийг эрсдэлд оруулж байна гэсэн үг. Тэгвэл Хөгжлийн банкны хэдэн зуун тэрбум төгрөгийг эрсдэлд оруулж байсан дээрх үйлдлийг О.Банзрагчтай холбох сэжим нь, тэрбээр Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байх үедээ Улаанбаатар хотын банкны тэргүүн дэд захирал байсан юм. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө ажилладаг банкинд Хөгжлийн банкны их хэмжээний мөнгийг журам зөрчин байршуулж, эрсдэлд оруулж байсан байж болзошгүй юм.

Ноцтой нь, өмнө нь ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй асар сэжигтэй энэ хүн Хөгжлийн банкинд албан тушаалд томилогдохоор хөөцөлдөж яваа сурагтай. Бид О.Банзрагчийн өөр сэжигтэй үйлдлүүдийн талаар өөр баримт мэдээллийг та бүхэндээ үргэлжлүүлэн хүргэх болно.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна