Дэлхийн топ 30 их сургуулийн нэг болох New York University –ийн харьяа NYU Shanghai-д Монгол охин 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцахаар болжээ. Тус сургууль нь олон улсын оюутнуудаас маш бага элсэлт авдаг топ сургуулиудын нэг юм.
Бид New York University –ийн харьяа NYU Shanghai сургуульд 100 хувийн тэтгэлгээ суралцахаар болсон М.Үржинхандтай ярилцлаа.
-Анх тухайн сургуульд тэнцсэнээ мэдээд ямар мэдрэмж төрсөн бэ? Хамгийн түрүүнд хэнд хэлмээр санагдсан бэ?
-Яг тэр өдөр өглөө сэрээд шууд мэйлээ харсан. Манайх шиг сургуулиудаас шийдвэр нь яг цагийн зөрүүнээс болоод үүрээр ирдэг байхгүй юу. Тэгээд л харсан чинь тэнцсэн байсан. Гэхдээ яг сургуулийн тэтгэлгийн мэдээлэл нь араас нь ирсэн болохоор тэр үед хүнд хэлж чадаагүй. Харин өдөр нь тэтгэлэгтээ тэнцсэн гэсэн мэдээгээ аваад хамгийн түрүүнд ээждээ хэлсэн. Тэгээд багшдаа хэлээд, дараа нь найзууддаа дуулгасан. Маш их баяртай байсан.
-Ямар сургуульд, ямар хэмжээний тэтгэлэгтэйгээр тэнцсэн бэ?
-New York University-ийн Шанхай дахь салбар — NYU Shanghai-д 100% сургалтын төлбөрийн тэтгэлэгтэйгээр тэнцсэн. Монгол мөнгөөр тооцвол 250 мянган ам.доллар орчим.
-Англи хэл сурч байх үед хамгийн их тулгарч байсан бэрхшээл юу байсан бэ? Одоо суралцаж байгаа хүүхдүүдэд юу зөвлөмөөр байна вэ?
-Би улсын сургуульд сурч байсан. Тавдугаар ангиасаа англи хэл үзээд яваад л байсан. 8, 9-р ангиасаа зундаа давтлага хийж, 12-р ангид Absolute төвд орсон. IELTS-ын ангид шууд орсон ч, яриа тал дээр хэцүү байсан.
Англиар байнга ярьдаггүй байсан болохоор өөрийгөө илэрхийлэхдээ асуудалтай байсан. Absolute-ийн багш нар яриан дээр маш их тусалсан. Яг ярианыхаа дутагдлаа нөхөөд, хурдан хугацаанд сайжирсан. Дараа нь IELTS-д 7.5 оноо авсан.
-Чиний амжилтад хамгийн их дэмжлэг үзүүлсэн хүн хэн бэ? Тэр хүндээ юу гэж хэлмээр байна вэ?
-Нэг хүнийг онцолж хэлэх хэцүү, гэр бүлийнхэн маань бүх талаар дэмжсэн. Хоол унд, гэрийн ажил гээд бүгдийг зохицуулж өгдөг байсан. Мөн Absolute-ийн багш нар, ялангуяа н.Ану багш, гадаад харилцааны менежер маань бидэнтэй маш сайн тулж ажилласан. Бас н.Заяа багш маань захидал бичиж өгөөд маш их тусалсан. Тэдэндээ үнэхээр их талархдаг.
-Нийт хэчнээн сургууль руу өргөдөл явуулсан бэ? Хэдэнд нь тэнцсэн бэ?
-Америкийн 15-16 сургуульд, мөн Унгарын Засгийн газрын тэтгэлэгт материал явуулсан. Америкийн гурван сургуульд тэтгэлэгтэй тэнцсэн. Бас Унгарын тэтгэлэгт ч тэнцсэн. Харин хамгийн их тэтгэлэгтэй байсан болохоор NYU-г сонгосон.
-Нийтдээ хэчнээн ам.долларын тэтгэлэг авсан бэ?
-Бараг 500,000 ам.доллар. Монгол мөнгөөр бол 1 тэрбум гаруй төгрөг.
-Ямар мэргэжлээр сурах вэ?
Data Science. Тэгээд цаашдаа магистрт Cyber Security чиглэлд сурах бодолтой байна. Манай улсын мэдээллийн системүүд халдлагад өртөөд байгаа нь анхаарал татсан.
-Яагаад NYU Shanghai-г сонгосон бэ?
-Гол шалтгаан нь зардал. Нью-Йорк дахь төв кампуст сурах өртөг өндөр байсан. Шанхай бол амьдрах зардал харьцангуй бага. Мөн Шанхай бол олон улсын оюутнууд ихтэй, өрсөлдөөн өндөртэй, Хятадын шилдэг хүүхдүүдтэй хамт сурах боломж гэж харсан. Бас NYU-ийн бүх салбар ижил диплом олгодог, нэр хүндийн хувьд ялгаа байхгүй.
-Чамайг сургуулиуд яагаад тэнцүүлсэн гэж бодож байна вэ? Давуу тал чинь юу байсан бол?
-GPA 4.0 байсан. Гэхдээ зөвхөн дүн биш, хувь хүний чанар, алсын хараа чухал. Би эссэндээ амьдралаа "ааруул" хийх процессоор зүйрлэж бичсэн. Тухайн үеийн алдаагаа яаж ойлгож, давж гарсан тухай. Өөрийн өнгө, хэв маягаа бүрдүүлсэн гэсэн санаагаар бичсэн. Тэр нь магадгүй онцлог болж өгсөн байх.
-Апплай хийхээр зэхэж буй хүүхдүүдэд юу зөвлөмөөр байна вэ?
Судалгаагаа сайн хий. Англи хэл, шалгалт, эсээ, сургуулиа сонгох гээд бүгдийг нь сайн судлах хэрэгтэй. Зүгээр асуугаад хариу хүлээж суухаас илүү өөрөө уншиж ойлгож эхлэх нь чухал. Тууштай байх, алсын хараагаа хол тавих тусмаа алхам алхмаар амар болно. IELTS ч, эсээ ч аймар том зүйл биш. Тэр бол зорилгын чинь дэргэд зүгээр л жижигхэн шат.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна