Г.Мишээл: Би 12 удаа татгалзсан хариу авсан ч Нью-Йоркийн их сургуульд 100% тэтгэлэгтэй тэнцсэн

Х.Есү
9 цаг 4 минутын өмнө

Дэлхийн топ 30 их сургуулийн нэг болох New York University –ийн харьяа NYU Shanghai-д Монгол охин 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцахаар болжээ. Тус сургууль нь олон улсын оюутнуудаас маш бага элсэлт авдаг топ сургуулиудын нэг юм.

Бид New York University –ийн харьяа NYU Shanghai сургуульд 100 хувийн тэтгэлгээ суралцахаар болсон Г.Мшээлтэй ярилцлаа.

Сайн байна уу? Гадаадын сургуульд тэтгэлэгтэй тэнцсэн мэдээг анх хүлээн авсан мөч ямар байсан бэ? Тухайн үеийн сэтгэгдлээсээ хуваалцаач?

Хамгийн түрүүнд “энэ лав скам байлгүй дээ” гэж бодсон. Яагаад гэвэл би 13 сургууль руу өргөдөл явуулаад, 12-оос нь “чи тэнцсэнгүй” гэсэн хариу авчихсан байсан. Тэгээд бүр бүх сургуульдаа тэнцэхгүй юм байна гэсэн бодолдоо бүрэн итгэчихсэн байсан болохоор тэнцсэн тухай мэйл ирэхэд нь анх скам гэж бодсон. 

Гэхдээ удалгүй вебсайт руу нь орж дахин нягталсан — тэгэхэд л үнэхээр тэнцчихсэн гэдгээ ойлгосон. Яг уйлмаар санагдсан. Хамгийн түрүүнд аав, ээждээ хэлсэн. Дараа нь Абсолютын Заяа багшдаа хэлсэн. Учир нь намайг хамгийн их дэмжиж, сэтгэл зүрхээрээ тусалсан хүн маань Заяа багш. Тэгээд бид хоёр хоёулаа их уйлсан. 

Тэнцсэн сургууль, тэтгэлгийн тухай?

Би Нью-Йоркын Их сургуульд (New York University) тэнцсэн. Дэлхийн шилдэг 30 сургуулийн тоонд багтдаг. Надад олгогдсон тэтгэлгийн хэмжээ нь 272,400 ам.доллар буюу сургалтын төлбөрийн 100 хувь юм. Ер нь тус сургууль нь нэг хүүхдэд дээд тал нь 80% хүртэлх тэтгэлэг өгдөг юм билээ. 

Би яагаад 100 хувь авсныг бол яг мэдэхгүй, гэхдээ энэ бол миний хувьд асар том боломж. Манай сургууль нь Нью-Йорк, Шанхай, Абу Даби гэсэн гурван салбартай. Би эхний жил Шанхай салбарт сурахаар сонгосон. Харин 2-р курсээс эхлээд Нью-Йорк эсвэл Абу Дабид шилжин сурах боломжтой. 

Төгсөлтийн диплом маань “Нью-Йорк” их сургуулийг төгссөн гэсэн байдлаар гардаг нь маш том давуу тал. Миний сонгосон мэргэжил бол дата сайнтист. Ирээдүйд хөрөнгө оруулалтын банкер болох зорилготой. Энэ салбар Монголд одоогоор бүрэн хөгжөөгүй учраас би өөрөө оролцож, хөгжүүлэхийг хүсдэг.

Англи хэл, элсэлтийн шалгалтдаа хэрхэн бэлдсэн бэ?

Анх англи хэлээ ерөнхий боловсролын сургуульд үзэж эхэлсэн. Тухайн үедээ багшдаа шалгуулах гэж л үздэг байлаа. Хичээлээ үзээд л мартчихдаг. Тийм болохоор миний хэлний түвшин анх нэлээн сул байсан. Нийтдээ 1–2 сарын хугацаанд Absolute-ийн IELTS ангид суусан. 

Эхэндээ mock оноо маань Writing 3–4 орчим байсан. Тэгээд Заяа багштай таарч, дунд гүнзгий ангидаа үнэгүй суулгаж өгсөн. Тэр ангиа төгсөөд Writing оноо маань 7 болсон. Дараа нь дахиад IELTS-ийн ангид сууж бэлдээд, шалгалтаа өгч, 7.0 авсан. Уг нь бол шууд IELTS анги руу орох ёсгүй байсан. Гэхдээ би мөнгөө гамнаад шууд үндсэн ангид орсон. 

Англи хэл сурч байхдаа би нэг л үг өөртөө үргэлж сануулдаг байсан: “Би англи хэлэнд муу биш, би зүгээр л сурч байгаа.” Өөрөөр хэлбэл, төгс байх албагүй, одоогоор суралцаж байгаа гэдгээ ойлгох нь маш чухал. Хамгийн чухал нь тогтмол, тууштай байх. Би 7 сарын турш өдөр бүр нэг ч өдөр таслалгүй очиж, бие дааж бэлдсэн. 

Өдөрт хэдэн цаг бэлддэг байсан бэ?

Долоо хоногт 1–2 өдөр цагийн ажил хийдэг байсан. Үлдсэн 5 хоногт өглөөнөөс орой хүртэл IELTS бэлддэг байлаа. Гэхдээ төлөвлөгөөтэй байх маш чухал. 

Жишээ нь: эхлээд Listening, дараа нь Writing, Reading, Speaking гэх мэтээр яг дарааллаар нь. Мөн цагийн менежмент чухал. Би гэр лүүгээ харих замдаа чихэвч зүүгээд хүнтэй ярьж байгаа юм шиг өөртэйгөө англиар ярьж Speaking-ээ бэлддэг байсан. Ингэснээр өдөр бүр 4 чадвараа давтах боломжтой болж байсан. 

Чамд хамгийн их дэмжлэг үзүүлсэн хүмүүс хэн бэ?

Юуны түрүүнд аав ээж маань. Би завсар жил авмаар байна гэсэн санаагаа хэлэхэд ойлгож хүлээж авч, намайг дэмжиж, өөрийгөө нээх, хөгжүүлэх боломжийг олгосон. 

Хоёрдугаарт, Absolute-ийн хамт олон. Завсар жил авч байгаа хүүхдүүд дутуу үлдсэн мэт мэдрэмж авдаг (FOMO). Тэр мэдрэмжийг Absolute дээр ороод л мартсан. Хүлээн авалтын ажилтан хүртэл миний багш шиг байж, mock оноо, хичээллэлтээ хуваалцаж зөвлөгөө өгдөг байсан. 

Багш нар байнга давтлага өгнө. Бас надтай адил өдөр шөнөгүй IELTS бэлдэж буй олон хүүхдүүд байсан болохоор бие биедээ дэмжлэг үзүүлдэг найзуудтай болсон. Энэ орчин надад маш их урам зориг өгсөн. Гуравдугаарт, миний ажилласан компанийн захирал. Намайг дадлагажигчаас эхлээд үндсэн ажилтан болтол үргэлж дэмжиж, зөвлөж, амьдралд хэрэгтэй бодит туршлага өгсөнд нь би маш их талархдаг. 

Г.Мишээлийн ирээдүйн зорилго юу вэ?

Юуны өмнө их сургуулиа амжилттай төгсөх. Тэгээд Хөрөнгө оруулалтын банкер болох. Энэ салбар асар их ачаалалтай, маш их хариуцлага шаарддаг. Гэхдээ би бэлэн гэж бодож байгаа. Монголд энэ салбар одоогоор хөгжөөгүй. Хэдийгээр зарим банк тодорхой хэмжээнд энэ чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа ч яг хөрөнгө оруулалтын банк гэх ойлголт Монголд бүрэн төлөвшөөгүй. Тиймээс энэ салбарыг Монголдоо хөгжүүлэхийг хүсдэг.

Хэрвээ мөрөөдөл байгаа бол түүнийхээ төлөө зорилгоо тодорхойлоод, төлөвлөгөө гаргаад, тууштай байхад л болно. Хамгийн гол нь өдөр бүр нэг зүйл сур. Өдөр бүрийг үр ашигтай өнгөрөө. Тэгж чадвал мөрөөдөл чинь заавал биелнэ гэж би итгэдэг.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна