​Ардын жүжигчин Д.Жаргалсайхан гурван бүтээлээрээ Төрийн шагнал хүртэх болжээ

Х.Есү
18 цаг 38 минутын өмнө

Ардын жүжигчин Д.Жаргалсайхан гурван бүтээлээрээ Төрийн шагнал хүртэх болжээ.

Ардын жүжигчин Д.Жаргалсайханы бүтээл "Чингис хаан" рок-дуулал (1983), "Тамирчны ялалт хямдхан олдоогүй" (1988), "Чингисийн баатрууд" (1991) гэсэн гурван дуунд Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол улсын Төрийн шагнал хүртээх болжээ. 

Үе үеийн сонсогч олны хүртээл болон эгшиглэж, олон улсын уралдааны шагнал хүртэж, өнгөрсөн түүхийн унаж боссон өдрүүд, Их хааны суу билэг, эх орны нэрийг дуудуулсан эрхэм тамирчдынхаа алдар цууг магтан дуулсны учир нь өнөөдөр эдгээр бүтээлүүдэд гүн хүндэтгэл үзүүлж, Төрийн хэмжээнд соёрхох хамгийн том, хамгийн гол шалтгаан болж байна. 

Ардын жүжигчинд баяр хүргэе!

Нэрийг чинь хэлэхээс айдаг байлаа
Дүрийг чинь бодоод ч олдоггүй байлаа
Нүгэл буяныг чинь, ялгадаггүй байлаа
Худал үнэнийг чинь, салгадаггүй байлаа... хэмээн дуулагддаг "Чингис хаан" рок-дуулал нь Их хааны нэрийг хэлэхээс ч айдаг байсан 1983 онд анх зохиогдож эхэлсэн ба залуусын үндэсний үзэл сэргэхэд түлхэц болсон, нийгмийн өндөр ач холбогдолтой бүтээл гэж тооцогддог. 

Түүхэн хүмүүсийг магтан дуулсан Д.Жаргалсайханы анхны бүтээл нь 1978 онд Ленинградын оюутан байхдаа зохиосон "Мандухай Сэцэн хатан" гэдэг дуу юм. Зохиогоод удаагүй байсан ч монголчуудынхаа хүсэлт ёсоор "Халхын баяр"-аар нь дуулж өгч байжээ.

 Монголд ирээд "Мандухай Сэцэн хатан" дуугаа "Соёл-Эрдэнэ" хамтлагтай дуулах гэхэд "Иймэрхүү дуу дуулахыг Яамны Уран сайхны зөвлөл яав ч зөвшөөрөхгүй" гэсний учир шүлгийг нь "Эх орон минь мөнхийн нартай" гэж өөрчлөөд, "Мөнгөн чавхдас" уран бүтээлд оруулж дуулж байжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна