Нийслэлд 4 сургууль, 6 цэцэрлэг, 4 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 спорт заалыг ашиглалтад оруулаад байна

Zuv.mn
6 цаг 40 минутын өмнө

Энэ онд нийслэлийн боловсролын салбарт барилга байгууламжийн 139 төсөл, арга  хэмжээ хэрэгжиж байна. 2025-2026 оны хичээлийн шинэ жилтэй холбогдуулан урьдчилсан байдлаар нийт 14 мянган хүүхдийн суудалтай 20 гаруй сургууль, 7500 ортой 40 гаруй цэцэрлэг, 3640 хүүхдийн багтаамжтай 10 гаруй бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барихаар төлөвлөсөн. Өнгөрсөн долоодугаар сарын байдлаар 4 сургууль, 6 цэцэрлэг, 4 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 спорт заал, нийт 15 барилга, байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгсөн. Үлдсэн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгуудыг барих болон улсын комисст хүлээлгэн өгөх, мэдээлэл нэгтгэх ажил үргэлжилж байна. Энэ жил сургууль, цэцэрлэгийг барихдаа газар чөлөөлөлт хийсэн байршлууд цөөнгүй байгааг мөн холбогдох албаныхан онцлов.

Нийслэлийн боловсролын салбарт сүүлийн 4 жилд буюу 2020-2024 онд 114 цэцэрлэгийн барилга ашиглалтад орж, хүүхдийн хүчин чадал 18,850-аар нэмэгджээ. Мөн тухайн жилүүдэд 45 сургуулийн барилга ашиглалтад орж, хүүхдийн хүчин чадал 27658-аар нэмэгдэж, 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга ашиглалтад орж, хүүхдийн хүчин чадал 2,240-өөр нэмэгдсэн байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Хот төлөвлөлт, хүн амын өсөлттэй уялдуулан нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх” чиглэлд анхаарч, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр үе шаттай ажлууд хийж байгаа билээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна