АТГ өнгөрсөн зургадугаар сард УИХ-ын гишүүн С.Ганбаатарын зуслангийн байшинг шалгаж, олон нийтийн анхаарлыг татаж байсан билээ. Энэ үеэр тус байгууллага гишүүний МҮЭХ-ны ерөнхийлөгч байх үедээ байгууллагынхаа нэр дээр байсан газрыг албан тушаалаа ашиглан авсан байж болзошгүй гэж үзэн шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарч байсан.
Тэгвэл АТГ гишүүнийг Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйл буюу Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 18.6 дугаар зүйл буюу Мөнгө угаах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж байгаа гэсэн мэдээлэл өнөө өглөөнөөс нэр бүхий хэвлэлүүдэд гарлаа. Тэдгээрийн зарим нь мэдээлэлдээ С.Ганбаатарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг Намрын чуулган эхлэхээр хэлэлцэнэ гэж дурджээ.
Түүнийг МҮЭХ-ы Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн байж болзошгүй гэж шалгасан бөгөөд С.Ганбаатар 2008-2012 оны хооронд МҮЭХ-г тэргүүлж байсан юм.
С.Ганбаатар гишүүн харин хуулийн байгууллагад шалгагдах болсон шалтгаанаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуультай холбож, өөрийг нь нэр дэвшүүлэхгүйн тулд МАН-ын захиалгаар хийж байгаа ажил гэж мэдэгдэж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна