Улаанбаатар хот нь төвийн зургаа, алслагдсан гурван дүүрэгтэй. Нийт 204 хороотой. Эдгээр хороо тус бүрд нийслэлийн Засаг даргын захирамжаар 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, тулгамдаж буй зарим асуудлыг хороодын Засаг дарга нар өөрсдөө сайжруулах боломжийг бүрдүүлсэн. Уг ажлын хүрээнд иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор хүүхдийн тоглоомын талбай, явган зам, хашаа хайс зэргийг барьж байна.
Тухайлбал, Багануур дүүргийн 1 дүгээр хороонд нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд дүүргийн Ерөнхий менежерээр ахлуулсан ажлын хэсэг явган хүний замын тохижилт засвар, авто зогсоол, авто замын дундах гэрэлтүүлгийн шон зөөвөрлөн шилжүүлэх, сургууль цэцэрлэгийн ойролцоо хурд сааруулагч байршуулах, харанхуй хэсгүүдэд гэрэлтүүлэг нэмэх ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Мөн “Иргэдээ сонсох” аяны хүрээнд иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу Багануур дүүргийн “Титэм” хотхоны зүүн хойд талаас хөл бөмбөгийн талбай хүртэлх явган хүний зам дагуу хоёр шон бүхий гэрэлтүүлгийг шинээр суурилуулсан. Орон сууцны хороололд гэрэлтүүлгийн 10 шонг зөөвөрлөн шилжүүлээд байна.
Түүнчлэн хотын дарга Х.Нямбаатар нийслэл, дүүрэг, хороодын ажлыг харилцан уялдаатай, бүх шатандаа хариуцлагатай хэрэгжүүлэхийн тулд асуудлаа хэлэлцэж, шийдвэрлэдэг Засаг дарга нарын уулзалтыг улирал тутам зохион байгуулж байгаа билээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна