Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2025 оны наймдугаар сарын 22, 23, 24-ний өдрүүдэд Налайх дүүргийн нутагт байх “Тайж” хайрхан уулын бэлд болно. Дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж буй уг фестивалийн хүрээнд болох үндэсний спортын тэмцээн, арга хэмжээнүүдийг танилцуулъя.
Фестивалийн үеэр үндэсний спортын таван төрөлд өрсөлдөх бөгөөд үндэсний бөх, үндэсний сур харваа, шагай харваа, адуучин гэсэн дөрвөн төрөлд 400 орчим тамирчин оролцохоор бүртгүүлсэн бол хурдан морины уралдаанд 100 гаруй шандаст хурдан хүлгүүд тоосоо өргөхөөр бүртгүүлжээ.
Өнгөрсөн жилийн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн үндэсний бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, улсын харцага Х.Гантулга түрүүлж, хурдан морины их насны уралдаанд Төв аймгийн Аргалант сумын уугуул, аймгийн алдарт уяач Д.Батаагийн цавьдар түрүү магнайд хурдалж байсан билээ.
Харин үндэсний сур харвааны эрэгтэйчүүдийн ангилалд улсын мэргэн Т.Очироо, эмэгтэйчүүдийн ангилалд аймгийн гарамгай харваач Ч.Чимэддулам түрүүлж, шагай харвааны багийн төрөлд Дорноговь аймгийн Г.Алдар ахлагчтай “Номт даншиг Хеттрик” группийн баг, цуваа харваанд Төв аймгийн Баян сумын харьяат “Цэц баян” багийн харваач Г.Чингүүн, адуучин тэмцээнд Багануур дүүргийн адуучин Б.Бямбасүрэн нар тэргүүн байр эзэлж байлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна