Маршалын гүүрнээс "Централ тауэр"-ын уулзвар хүртэлх баруун талын 3.7 км явган хүний зам шинэчлэлийн ажлыг ирэх сарын 1-нд дуусгана

Zuv.mn
6 цаг 18 минутын өмнө

Маршалын гүүрнээс "Централ тауэр"-ын уулзвар хүртэлх баруун талын 3.7 км явган хүний зам шинэчлэлийн ажил 82 хувьтай үргэлжилж байна. Энэ хүрээнд тухайн байршилд НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан ажиллалаа.Уг хэсгийн явган хүний замыг “Эс эл сити” ХХК гүйцэтгэж байна.

Тус компанийн ерөнхий инженер н.Шижирбаатар “Шугам сүлжээ, кабель шилжүүлэх ажлыг бүрэн дуусгаад байна. Уг хэсгийн явган хүний замыг шинэчлэхдээ БНХАУ-д үйлдвэрлэсэн байгалийн гантиг чулууг ашиглаж байгаа. Дараагийн байршлын явган замыг шинэчлэхдээ Монголд үйлдвэрлэсэн байгалийн гантиг чулууг ашиглахаар захиалгаа өгсөн. Өдрийн цагаар гурван бригад ажиллаж байгаа. Ирэх сарын 1-ний өдөр гэхэд ажлаа 100 хувь гүйцэтгэж дуусна” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Өнөөдрийн байдлаар 13 байршилд явган хүний замыг стандартад нийцүүлж, цас борооноор халтирч гулгадаггүй, 30-40 жилийн насжилттай байгалийн гантиг чулуугаар шинэчилж байна. Дээрх байршлуудад өнөөдөр НХШГ, НХОГ-ын холбогдох алба хаагчдын хамт ажиллаж байна. Гүйцэтгэгч компаниудад хариуцсан ажлаа чанартай гүйцэтгэж, яаралтай дуусгахыг үүрэг болголоо” гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна