Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд нэг сая ам.долларын тэтгэлэгт хамрагдана

Zuv.mn
3 цаг 7 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” үргэлжилж байна.

Чуулга уулзалтын салбар хуралдааны үеэр Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын худалдааны төвийн хамтарсан Цахим эдийн засаг дахь экспортлогч эмэгтэйчүүдийг дэмжих сангийн тэтгэлэгт хамрагдах монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд гэрчилгээг нь гардуулж, төслийг эхлүүлэх ёслол боллоо.

Ёслолд Монгол Улсаас Женев дэх Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа, Дэлхийн худалдааны байгууллагын Жендер ба худалдааны газрын дарга Аноуш дер Богхассаин, Олон улсын худалдааны төвийн “SheTrades” санаачилгын дарга бөгөөд “WEIDE” сангийн Ерөнхий зохицуулагч Жюдит Фессехаие, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул нар оролцлоо.

Төслийг хэрэгжүүлэх анхны дөрвөн улсын нэгээр Монгол Улс шалгарсан нь манай бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хөдөлмөр, бүтээлч чадвар, амжилтыг үнэлж байгаагийн илрэл боллоо.

            Өнгөрсөн 4-5 дугаар сард явуулсан бүртгэлд манай 307 аж ахуйн нэгж хүсэлтээ илгээснээс 47 бизнес эрхлэгч эмэгтэй шалгарч, хоёр жилийн хугацаанд 1 сая ам.долларын санхүүгийн тэтгэлэг, сургалт, техникийн туслалцаа авах болжээ.          

Энэ хүрээнд:  

  • Цахим худалдааны шинэ боломжийг эрэлхийлж буй гарааны бизнест зориулсан  санхүүжилт (Discovery Grant),
  • Цахим орчинд бизнесийн оролцоо, нөлөөгөө нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд өргөжихөд бэлэн болсон бизнест зориулсан санхүүжилт (Booster Grant) авна. 

Шалгарсан аж ахуйн нэгжүүд арьс, шир, ноос, ноолуур, хөдөө аж ахуй, инновац, хүнсний технологи, аялал жуулчлал зэрэг тэргүүлэх салбарынх байгаа нь үндэсний хэмжээнд бус, бүс нутаг, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартайн нотолгоо боллоо. 

 Энэ тэтгэлэг гарааны бизнесүүдэд шинэ зах зээл, цахим худалдааны боломж нээхээс гадна олон улсын тавцанд гарахад чухал дэмжлэг болно.  

            МҮХАҮТ-ын “SheTrades Mongolia Hub" санаачилга шалгарч, Доминикан, Иордан, Нигер Улстай хамт сонгогдон, төсөл хэрэгжүүлэх эрх авсан юм.

 Улсын хэмжээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 68 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. 2023 онд МҮХАҮТ, Олон улсын худалдааны төв хамтран байгуулсан “SheTrades Mongolia Hub” 900 гаруй эмэгтэйг эгнээндээ нэгтгэн, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих төсөл, хөтөлбөр, сургалт, арга хэмжээ зохиож байна.

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.109
    1 цагийн өмнө

    Хэнд нь өгөөд хэнд олддгүй юм болоо

    Хариулах