Украинаас дүрвэж ирсэн 23 настай Ирина Заруцка хэмээх бүсгүй Хойд Каролина мужид галт тэргэнд зорчиж явахдаа бусдад хэрцгийгээр хөнөөгдсөн хэрэг АНУ-д маргааны сэдэв болж байна.
Хэрэг өнгөрсөн сард гарсан бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “Ардчилсан нам засагладаг мужуудад гэмт хэргийн гаралт их байна” хэмээн улстөржихтэй давхацсан. Тэрбээр тухайн үед Ардчилсан нам эрх барьдаг Чикаго мужийг онцолж, шаардлага гарвал хүчнийхнийг оруулж, гэмт хэргийн бүлэглэлүүдийг нухчин дарна хэмээн заналхийлж байв.
Тэгвэл өнгөрсөн баасан гарагт Ирина Заруцкагийн амь насанд хэрхэн халдаж буйг харуулсан видео бичлэг олон нийтэд цацагдсанаар гэмт хэрэг, аюулгүй байдлын сэдэв дахин олон нийтийн анхааралд орж иржээ.
Гэмт этгээд хохирогчийг ямар ч шалтгаангүйгээр араас нь хэд, хэдэн удаа хутгалан хөнөөж байгаа нь бичлэгт гардаг аж.
Үүнтэй холбоотойгоор Д.Трамп өчигдөр хохирогчийн ар гэрт эмгэнэл илэрхийлж, түүний аиа алдсан хэргийг “Аймшигтай” гэж тодорхойлсон бол олон нийтийн зүгээс аюулгүй байдалдаа санаа зовж байна.
Хэрэг гарсан Шарлотт хотын захирагч Ви Лайлс ч мөн бичлэг олон нийтэд цацагдсаны дараа маш ихээр цочирдож, Ирина бүсгүйн үхлийг “Утгагүй бөгөөд эмгэнэлтэй” гэж нэрээд “Хотынхоо аюулгүй байдалд үнэхээр их санаа зовж байгаа”-гаа илэрхийлжээ.
Хэргийг үйлдсэн Декарлос Браун гэгч нь энэ жил 34 настай, хар тамхичин, гэр бүлийн асуудалтай нэгэн бөгөөд түүнд нэгдүгээр зэрэглэлийн хүн амины хэрэг тулгаж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна