Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийн ТУЗ энэ сарын 2-нд хуралдаж, Гүйцэтгэх захирал Д.Баттүвшинг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргажээ. Шийдвэрт Д.Баттүвшингийн ажлыг энэ сарын 8-наас тасалбар болгох талаар тодорхой заасан байна. Гэвч тэрбээр “Ажлаа өгөхгүй” хэмээн гүрийж байгаа аж.
Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч нь Төлөөлөн удирдах зөвлөл байдаг. Чухамдаа компанийн ТУЗ түүнийг гүйцэтгэх удирдлагаар томилсон бөгөөд тэрбээр энэ шийдвэрийн дагуу ажлаа хийж байсан. Тодруулбал, томилсон хүнээ чөлөөлөх эрх ТУЗ-д бүрэн бий.
Тийм байтал ажлаа өгөхгүй үхэн хатан гүрийж байгаагийн цаана том шалтгаан байж мэднэ.
Юуны өмнө, тэрбээр “Эрдэнэс Монгол” ХХК-иас өөрийг нь чөлөөлөх удирдамж ирээгүй” гэдэг шалтгаанаар ажлаа өгөхөөс татгалзаж буй /!!!/.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ өнгөрсөн хоёрдугаар сард буюу одоогоос долоон сарын өмнө Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийн ТУЗ тус компанийн 2023, 2024 оны дотоод аудитын тайланг хэлэлцээд “Хангалтгүй” гэж дүгнэн,
- Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийн нөхцөл байдлын талаар бодитой мэдээлэл бэлтгэн Засгийн газрын хуралдаанд танилцуулах,
-Компанийн гүйцэтгэх удирдлага, менежментийн багийг шинэчлэх чиглэлээр үр дүнтэй арга хэмжээ авахыг Гүйцэтгэх захирал С.Наранцогтод даалгасан байна. Гэтэл энэ шийдвэр хэрэгжилгүй өдийг хүрчээ.
Энэ шийдвэр хэрэгжилгүй дарагдсан нь ч, Д.Баттүвшин ажлаа өгөхгүй гэж гүрийхдээ “Эрдэнэс Монгол”-оос бичиг нэхэж байгаа нь ч түүнд “Эрдэнэс Монгол”-д ажилладаг хамгаалагч, ард тал байгаа юм биш үү гэж хардах хангалттай шалтгаан мөн. Магад тэндээс бичиг ирүүлэхгүй гэсэн итгэл үнэмшил байж ч мэдэх юм.
Харин тэр хамгаалагч нь хэн бэ. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ Хөтөлийн “Цемент шохой”-н асуудлаар шийдвэр гаргахдаа Гүйцэтгэх захирал С.Наранцогтод үүрэг өгсөн. Тэгэхээр үүнд хамгийн түрүүнд холбогдох хүн нь яах аргагүй С.Наранцогт болж байна.
Эндээс “С.Наранцогт юуны учир ТУЗ-ынхаа шийдвэрийг хэрэгжүүлэхээс цааргалав”, “С.Наранцогт Д.Баттүвшин хоёрыг юу холбож байна вэ” гэсэн дараагийн асуултууд урган гарч таарна.
Хэрэвзээ үнэхээр “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагын түвшинд Д.Баттүвшин мэтийг өмөөрч хамгаалдаг этгээд байдаг бол “Ажлын муу үзүүлэлттэй удирдлагыг эртхэн чөлөөлж компанийн ажлыг сайжруулаагүйгээс болж үйлдвэрлэл унаж, чанар муудаж, зах зээл дээр цементийн үнэ ханш нэмэгдсэн зэргээр тооцвол энэ хэргээс үүдсэн хохирол хэдэн арван тэрбумаар тоологдох ч боломжтой” гэдгийг сануулмаар байна.
Ямартай ч Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийн ТУЗ Д.Баттүвшинг чөлөөлж, тэрбээр ажлаа өгөхгүй хэмээн “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийг урдаа барьж байгаа талаар бид мэдээллээ.
Асуудал нэгэнт энд хүрсэн учир Д.Баттүвшин ажлаа өгөх нь тодорхой. Гэхдээ бидний энэ сэдвийг барьж авсан эцсийн зорилго Хөтөлийн “Цемент шохой” хэмээх төрийн өмчит үйлдвэр төрөөс буюу ард түмнээс авсан тусламж дэмжлэгийн хариуд түүхий эдийнхээ чанар, тоног төхөөрөмжийнхөө хүчин чадалд тохирч ажиллан, хэрэглэгчдийг хямд үнэтэй, чанартай цементээр ханган МАК, “Монцемент” зэрэг хувийн хэвшлийнхэнд дураараа дургих боломж өгөхгүй байх явдал юм. Тиймээс нөхцөл байдал дээрдтэл асуудлыг орхихгүй, эргэн сурвалжилсаар байх болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.181.77
Хайран үйлдвэр. Хурдан зайлаачээ. Төрд биш луйварчдад л асуудал бий
Хариулах66.181.181.87
Ингэж нэр нүүрээ барах ямар хэрэг бна аа!!!
Хариулах