Өнгөрсөн гурван жилд 665 цагдаагийн алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гэмт хэрэгт өртөж, хохирчээ

Т.Отгонсувд
4 цаг 17 минутын өмнө

Олон нийтийн аюулгүй байдал, хэв журмыг сахиулахын төлөө өдөр шөнөгүй ажиллаж, өрөгөсөн тангарагийнхаа төлөө зүтгэдэг хүмүүс бол цагдаагийн алба хаагчид. Гэвч сүүлийн үед цагдаагийн алба хаагчийн биед халдаж, гэмтээх тохиолдлууд цөөнгүй гарч байгааг бид цахим орчинд гарсан бичлэгүүдээс харж болно. 

Тоо дурдвал өнгөрсөн гурван жилийн байдлаар 665 алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа гэмт хэрэгт өртөж хохирсон байна. Нийт гэмт хэрэгт өртөж хохирсон алба хаагчдын 12 нь эмэгтэй алба хаагч байна.

Дээрх гэмт хэрэгт өртөж хохирсон алба хаагчдаас  11 алба хаагчийн биед хүндэвтэр, 207 алба хаагчийн биед хөнгөн гэмтэл шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Албан үүргээ гүйцэтгэж байхдаа халдлагад өртөж биедээ гэмтэл авсан дийлэнх алба хаагчид нүүр болон толгой, хүзүү хэсэгтээ гэмтэл авсан байгаа нь тэдний ажлын онцлог нь өдөр тутам эрсдэлтэй нөхцөл байдлуудтай нүүр тулж ажилладаг гэдгийг харуулж байна.

Судалгаанаас харахад алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа гэмт хэрэгт өртөж хохирч байгаа тохиолдол жил тутам 7-21 нэгжээр өсөж байна.

Алба хаагчид ихэвчлэн гудамж талбайд гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэлд очиж ажиллах, замын хөдөлгөөний зохицуулалтыг хийх, согтуурсан танхайрсан этгээдийн үйлдлийг таслан зогсоох, сэжигтэй этгээдийг баривчлах үед халдлагад өртөж, гэмт хэргийн хохирогч болжээ.  

Хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу үүргээ гүйцэтгэж байсан алба хаагчдын биед халдах, хувцас, техник хэрэгслийг нь устгаж, гэмтээсэн үйлдлээс 501 гэмт хэргийн шинжтэй үйлдлийг иргэд согтуугаар үйлдсэн байна.

Түүнчлэн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед халдаж гэмтэл учруулсан иргэдийн 93 буюу 13.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Өнгөрсөн 3 жилийн байдлаар алба хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн 450 иргэний үйлдлийг шалгаж шүүхэд шилжүүлжээ.

Дээрх шүүхэд шилжүүлсэн хэрэгт алба хаагчийн энгэрийн хяналтын камерын бичлэгийг шүүхээс нотлох баримтад тооцож хэргийг шийдвэрлэсэн аж.

Хэдий тэд төр, түмнийхээ төлөө гэж тангараг өргөсөн ч та бидний адил хүн учир уур ааг омгоо ажил үүргээ гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчид гаргаж, хохироож үл болно.  

Цагдаагийн алба хаагчид бидний төлөө эрсдэл үүрч яваа хүмүүс гэдгийг ухамсарлаж, тэдний ажилд саад учруулах бус харин дэмжиж, хамтран ажиллах нь нийгмийн нийтлэг эрх ашгийн төлөө хийх хамгийн том хувь нэмэр юм шүү.

 

 

 

 

 

 

 

 

 

Хэрэв Төрийн албан хаагчийг хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлэх явцад тавьсан хууль ёсны шаардлагыг хүн, хуулийн этгээд биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан, үйл ажиллагаанд нь саад учруулсан, хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, доромжилсон үйлдэлд  Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйл “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах” зөрчилд заасны дагуу хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсан байдаг.

Харин хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч  хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйл “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага оногдуулах хуулийн зохицуулалттай байдаг.

Иймд иргэн бүр хуулиа дээдэлж, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх нь зөвхөн хуулиар тогтоосон үүрэг төдийгүй таны бидний бусдын амь нас, аюулгүй байдлыг хамгаалах баталгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна