16 настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн мөрөөр...

Т.Отгонсувд
5 цаг 16 минутын өмнө

Цэцэг цэврүү шиг 16-хан настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн жигшүүрт хэрэг олныг сэртхийлгэж, айдаст автууллаа.  

Хайрлаж өсгөсөн үрээ харамсалтайгаар алдсан ээжийн уй гашуу, гомдол цөхрөл энэхүү аймшигт хэргийг олны анхааралд авчирч, шударга ёсыг нийтээрээ нэхэж байна.

2024 оны зургаадугаар сард 12 хоногийн зайтай 32 настай эмэгтэй болон 16 настай охиныг хөнөөж, цогцсыг нь ханын шүүгээ болон чемоданд нуусан онц ноцтой хэргийн үеийн зургийг хохирогч охины ээж ил болгосон.

Тухайн хэргийг 20 настай Ц.Дагвадорж болон насанд хүрээгүй яллагдагч Х.Энхсайхан нар үйлдсэн болох нь цагдаагийн мөрдлөгийн явцад ил болсон. 

Тодруулбал, Ц.Дагвадорж  СБД-ийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт зургаадугаар сарын 8-9-нд шилжих шөнө 32 настай эмэгтэй “З”-ийн амь насыг хохироосон. Улмаар мөн сарын 20-21-нд шилжих шөнө ХУД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт 16 настай охины амь насыг хөнөөсөн болохыг тогтоосон хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлж байв. 

Хэрэг явдлыг тодруулбал, Чингэлтэй дүүрэгт оршин суудаг 32 настай эмэгтэй Т.Золжаргал-ын  амь насыг хохироож, скочоор ороон унтлагын өрөөнд байрлах хувцасны шүүгээнд нуусан байжээ. Амь хохирогчийн цогцос удсан байдалтай, өт цацаж муудсан байжээ. 

Үүнээс 12 хоногийн дараа 16 настай Ч.Шинэсаран охиныг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гал тогооны өрөөнд байсан цахилгааны уртасгагч утсаар хоолойг нь боож амь насыг нь хохироож цэнхэр өнгийн жижиг зөөврийн чемодан дотор хийсэн байсан нь тогтоогдсон байна.

Прокурорын байгууллалгаас яллагдагч Ц.Дагвадоржийг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан мөн бусдынг заналхийлэх, хулгайлах, залилах, 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг. 

Насанд хүрээгүй Х.Энхсайхан уг хэрэгт холбогдож, түүнийг 6 сар цагдан хорьж байжээ. Гэвч насанд хүрээгүй хүүхдийг мөрдөн байцаалтын явцад зургаагаас илүү сар хорьж болохгүй тул 6 сар цагдан хориод сулласан байна. Тэрбээр өдгөө эрх чөлөөтэй, гадуур шалгагдаж байна.

Бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины ээж цахим орчинд зураг тавьж энэ хэргийн талаар бичсэн нь олон хүний сэтгэлийг эмзэглүүлээд байна. 

Цахим орчинд тархсан энэхүү зураг дээр гарч буй Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарт прокурор эсэргүүцэл бичиж, хохирогчоор тогтоох гэж буй. Ерөнхийлөгчөө хүртэл өндрөө авч олон нийтийн эгдүүцлийг хүргээд буй эл хэргийг олон нийт анхааралтай ажиглаж байна. 

 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.162.89
    0 минутын өмнө

    Алуурчин ЭНХСАЙХАНЫ зургийг ил болгох хэрэгтэй.

    Хариулах
  • 103.212.162.15
    1 цагийн өмнө

    25 жил суухад 45-тай, ааруул идэх шүдтэй л гарч ирэх юм байна. Ээбидээ баярла.

    Хариулах
  • 103.229.120.234
    1 цагийн өмнө

    Баячууд дарга нарын хүүхдүүд ямар нэг аргаар хөнгөн ял аваад нэг л мэдэхэд суллагдаг шүү дээ.

    Хариулах
  • 66.181.160.88
    1 цагийн өмнө

    Прокрорыг шинэчилж солих шаардлагатай авилгад автаж ялзарчээ

    Хариулах
  • 202.126.90.36
    2 цагийн өмнө

    Шүүгчдийн чадвар,мэдлэг,муу байгаагаас ийм хэргүүд шийдэгдэхгүй байна.Ерөнхийлөгч анхааралдаа авах хэрэгтэй.

    Хариулах