Төрийн өмчийн “Цемент шохой” ХХК-ийг мэргэжлийн бус хүмүүс удирдан үйл ажиллагааг нь доголдуулж, улсын энэ том үйлдвэр өдгөө улсынхаа бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж чадахгүйд хүрээд байгаа асуудлыг бид цувралаар хөндөж байгаа билээ.
Жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай уг үйлдвэр өдгөө “Эрдэнэт”-ийг шохойгоор хангахаас бусдаар үйл ажиллагаа нь дампуурч, жилд 200 гаруйхан мянган тонныг үйлдвэрлэдэг, нэг төгрөг олохын тулд нэг төгрөг долоон мөнгө зарцуулдаг буюу алдагдалтай ажиллах хэмжээнд хүрээд буй.
Хэвлэлүүд энэ үнэн байдлыг илчлэн хөндсөний дараа тус үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Баттүвшинг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж, хэвлэлээр мэдээлэгдсэн.
Гэвч уг шийдвэрийг “Эрдэнэс Тавантолгой” компаниас ТУЗ хуралдуулах чиглэл өгөөгүй” гэдэг шалтгаанаар хүчингүй болгосон байдаг. "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Логистикийн хэлтсийн дарга Л.Нямбаяр, Захиргаа удирдлгын дарга Б.Пүрэвсүрэн нар шахалт үзүүлж, бичгийг хүчингүй болгосон гэсэн мэдээлэл байна.
Л.Нямбаяр өмнө нь “Хөтөлийн цемент шохой” Төрийн өмчит компанийн Бизнес хөгжлийн газрын даргаар ажиллаж байхдаа сарын 8.000.000 төгрөгийн цалинтай ч цалингаасаа цай, шатахуунаа гаргадаггүй, цайны мөнгөнд 2,3 сая төгрөг, шатахууны зардалд 2,2 сая төгрөгийг гаргуулж авдаг, тус компанийг Улаанбаатар хотын төвд түрээсийн оффистой болгож, түүнийхээ түрээсэнд хэдэн зуун сая төгрөг зарцуулсан хэмээн дуулиан тарьж байсан хүн юм.
"Эрдэнэс Монгол" ХХК нөхцөл байдлыг мэдээд Д.Баттүвшинг солих үүрэг өгсөн ч биелэгдэхгүй байгаагийн нэг шалтгаан Л.Нямбаяр байж болохыг дээрх фактууд харуулж байгаа юм.
Компанийн ТУЗ толгой компанийнхаа чиглэлгүйгээр хуралдсан бол шийдвэр хүчингүй болох нь зөв. Гэхдээ энэ явдал Д.Баттүвшинг "Эрдэнэс Монгол" ХХК дээр хэн өмгөөлж хамгаалж байдгийг илчилж байна гэж үзэж болохоор байна. Учир нь, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ өнгөрсөн хоёрдугаар сард Хөтөлийн ""Цемент шохой" ХХК-ийг шалгаад гүйцэтгэх удирдлагыг чөлөөлөх, менежментийн багийг шинэчлэх үүргийг гүйцэтгэх захирал С.Наранцогтод өгсөн байдаг бөгөөд энэ үүрэг биелэлгүй дарагдсан байдаг.
Тиймээс бид энэ удаад "Эрдэнэс Монгол" ХХК-иас хийсэн дээрх шалгалтаар тогтоогдсон хууль бус үйлдлүүд, алдаа дутагдлуудыг олон нийтэд хүргэж байна.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын албанаас “Цемент шохой” ХХК-ийн 2023 он, 2024 оны хагас жилийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, зөрчлийг арилгасан байдал
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ өмнө нь /Өнгөрсөн хоёрдугаар сард/ хуралдахад дээрх баримтууд яригдсан бөгөөд "Үйлдвэрийн нөхцөл байдлыг Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулах", "Гүйцэтгэх удирдлага, менежментийн багийг өөрчлөх" чиглэлийг гүйцэтгэх захирал С.Наранцогтод өгсөн ч тодорхой арга хэмжээ авалгүй өдийг хүрээд буй юм. Сүүлд ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт газар дээр нь очиж ажилласнаар үйлдвэр дампуурахад ойртсоныг мэдсэн. Улмаар хугацаатай үүрэг өгсөн бөгөөд Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийн ТУЗ-ын шийдвэр Засгийн газраас очсон бичгийн дагуу гарсан гэх. Нэгэнтээ асуудал Засгийн газрын хараанд орсон учир “Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийн ТУЗ-д чиглэл өгч, Д.Баттүвшинг чөлөөлж, мэргэжлийн удирдлага томилох сонгон шалгаруулалтыг зарлах учиртай.
Төрийн өмчийн энэ том үйлдвэрийг гагцхүү мэргэжлийн гүйцэтгэх болон менежментийн баг удирдсанаар улс орны хөгжилд гүйцэтгэх үүргээ биелүүлж чадах юм.
Бид дээр дурдагдсан хууль бус үйлдлүүдээс гадна өөр ноцтой баримтуудыг хүргэх болно.
Үргэлжлэл бий...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна