Бусдыг зодож, ноцтой гэмтэл учруулсан ч хилээр гарч сураггүй болоод байсан "Говь" компанийн гүйцэтгэх захирал Баатарсайханы Амарсайханыг Тайландын Бангкок хотод баривчилсан талаар бид мэдээлсэн.
Тэрбээр гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа “Найз охины бие муудсан” гэх шалтгаанаар хил давсан бөгөөд өнгөрсөн долдугаар сарын 27-нд буцаж ирнэ гэж байсан ч ирээгүй юм. БНСУ руу зугтаж гараад, Монголд ирнэ гэсэн өдрөө зүг буруулан Тайланд руу ниссэн аж.
Хэлсэн хугацаандаа эргэж ирээгүй түүнийг 2025 оны долдугаар сарын 29-нд интерполын хөх булангаар эрэн сурвалжлах хүсэлт хүргүүлсэн байдаг. Тайландад хоёр сар орчим болсон Б.Амарсайханыг интерполын шугамаар барьсан байх өндөр магадлалтай байна.
Эх сурвалжийн мэдээллээр, түүнийг ирэх долоо хоногт шуурхай ажиллагаагаар эх оронд нь буцаан авчрах бололтой.
Мөн Б.Амарсайханы гэр бүлийн зүгээс түүнийг суллуулахаар хөөцөлдөж байгаа. Түүний ээж Д.Хулан өдгөө Тайландад очсон гэсэн мэдээлэл байна.
Эрүүгийн хуульд баривчлагдсан, цагдан хоригдсон яллагдагч, цагдан хоригдсон шүүгдэгч, эсхүл хорих ял шийтгүүлсэн ялтан оргон зайлсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан бий.
Б.Амарсайханы хамсаатнууд болох Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарт Эрүүгийн хуулийн 20.16 буюу "Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах" зүйл ангиар яллагдагчаар татсан.
Ямартай ч олон нийт энэ хэргийг мартаагүй бөгөөд хуулийн байгууллага энэ хэргийг хэрхэн шийдэхийг анхааралтай ажиглаж байна. Монголд баячуудын хүүхдүүдийн өдүүлсэн гэмт хэрэг дарагддаг, ял завшдаг тохиолдол өмнө нь цөөнгүй гарч байсан.
Энэ удаад ч ялгаагүй, Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн нарын хар тамхины шинжилгээний хариу эерэг гарсан ч 5-12 жилийн ялтай энэ хүнд хэрэг нь дарагдаж, ганц 20.16 буюу "Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах" гэдэг зүйл ангиар эрүү үүссэн.
“…Бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэх уг зүйл анги дотроо
2.Энэ гэмт хэргийг:
2.1.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж;
2.2.бусдын эд хөрөнгийг дээрэмдэж;
2.3.галдан шатааж;
2.4.бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж гэсэн хүндрүүлэх нөхцлүүдтэй бөгөөд 2-8 жил хүртэлх ял оноодог аж. Тэгэхээр, яллагдагчаар татагдаж хилийн хориг тавиулсан Ц.Санжаачойпэл, Э.Түмүүлэн, Л.Алтан-Очир нар ямартай ч хариуцлага хүлээж ял авах нь тодорхой болсон.
Тиймээс ганцаараа гадагш зугтсан Б.Амарсайханыг хэрхэх нь олон нийтийн анхаарлыг илүүтэй татаж буй юм. Тэрбээр манай дотоодын томоохон ААН болох “Таван богд групп”-ын эзэн Ц.Баатарсайханы хүү.
Энэ утгаараа хуулийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх вий, хэргийг замхруулж, ял шийтгэлгүй өнгөрөх вий гэсэн болгоомжлол байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээд болох Б.Амарсайханы нөлөөтэй гэр бүл түүнийг суллуулахаар хөөцөлдөж буй гэх мэдээлэл ч хардахад хүргэж байгаа юм.
Дашрамд дурдахад Б.Амарсайхан нь "Говь" ХХК-ийн захирлаар томилогдоод удаагүй байсан бөгөөд түүнийг энэ хэрэгт нэр холбогдсоноос хойш буюу өнгөрсөн долоо хоногоос тус компанийн хувьцаа унаж, статусаа солиход хүрсэн билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.229.120.56
МАНАЙ хуулийнханг яана даа. НЭГ хуульч хилээр гаргахыг зөвшөөрсөн. ТЭР хуульчтай хариуцлага тооцох уу?
Хариулах202.126.91.162
Юу вэ бүлэглэн санаатайгаар хүн зодож хүнд онц ноцтой гэмт хэрэг учруулсан эрүүгийн хэрэг биз дээ.
Хариулах103.229.122.226
Эх эцэг нь улс орноо цөлмөөд Үр хүүхэд нь элэг нэгтнээ бараг алчихдаг ийм л ..
Хариулах