ХӨВСГӨЛД АЛГА БОЛСОН ХҮҮХЭД: Өчигдрийн /IX.22/ эрлийн мэдээ

Zuv.mn
3 цаг 36 минутын өмнө

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг, Сайхан мод гэдэг газраас алга болсон хоёр настай хүүг эрэн хайх ажиллагаа өнөөдөр долоо дахь өдрөө үргэлжилж байна.

Хүүхэд энэ сарын 17-ны өдөр 15.00 цагийн орчимд алга болсон бөгөөд эрэн хайх, аврах ажиллагаа тухайн өдрөө эхэлсэн байдаг.

Өчигдөр өглөө 08.30 цагаас эхэлж, 22.00 цаг хүртэл үргэлжилсэн эрлийн ажиллагаанд Хөвсгөл, Орхон, Булган, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Агаараас эрэн хайх 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбар, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар анги, ХГБХХГ, Тариалан сумын ЗДТГ, ЕБС, ар гэр, сайн дурын иргэд оролцжээ.

Тэд ''Сайхан мод'' гэдэг газраас баруун хойд зүгт 4-5 км радиуст явганаар самналт хийсэн бол үдээс хойш албаны хүмүүсээр ахлуулсан 6 хүн 6 морьтой, Песлонк загварын Ногоон нүдэн дуран, дулаан мэдрэгч нисгэгчгүй нисэх төхөөрөмжтэй алга болсон газраас зүүн урд зүгт 3км-т "Давааны нарийны бэл" гэдэг газраар хад асга, ан амьтны үүр байж болох нүх зэргээр, Цагдаагийн алба хаагчид явганаар мөрдөн шалгах ажиллагааг дахин эхлүүлж нийт 13 км газар явганаар болон морьтойгоор эрэл хийсэн байна. Улмаар тодорхой үр дүнд хүрээгүй тул эрлийг 22:00 цагт түр зогсоожээ.

Хээрийн штабт 3 алба хаагч, 3, 4 дүгээр бүлэг үдээс хойш штаб дээр ажиллаж, Хүүхэд гэр бүл, хөгжлийн газрын албан хаагчид эрлийн ажиллагаанд оролцож байгаа иргэд болон ар гэрийн хүмүүст сэтгэлзүйн сургалтыг зохион байгуулан ажиллалаа гэж эрлийн Шуурхай штабаас мэдэгдлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна