ХААН Банк харилцагчидтайгаа хамтдаа бүтээх сайн үйлсийн аяныг жил бүр уламжлал болгон өрнүүлж ирсний нэг нь 2022 оноос ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албатай хамтран хэрэгжүүлж буй “1000-0” (Мянгаас тэг) аян юм. Хүүхэд багачуудыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, осол гэмтлийн тоог бууруулах, ялангуяа зам тээврийн осолд жил бүр 1000 орчим хүүхэд өртөж буй гэсэн статистик тоог 0 болгох зорилгоор тус аяныг хэрэгжүүлдэг.
“1000-0” аяны хүрээнд энэ жил нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 39-р сургууль болон 139-р сургууль орчмын авто замд 2 хурд сааруулагч байршуулснаас гадна эдгээр сургуулийн хүүхдүүдэд замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох дадал суулгах зорилготой, замын дүрмийн мэдлэг олгох сургалтыг Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албатай хамтран зохион байгуулж, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг мэдээлэл олгох буддаг ном, харандаа, цацруулагч сурагчдад бэлэглэлээ.
“1000-0” аян хэрэгжсэн өнгөрсөн 4 жилийн хугацаанд Ерөнхий боловсролын 7 сургуулийн орчимд хурд сааруулагч байрлуулснаар тухайн сургуулийн орчимд гардаг зам тээврийн осол 60 хувь буурсныг аяны хамтран зохион байгуулагч Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас онцоллоо. Мөн 14 сургуулийн 8200 гаруй хүүхдийг энэхүү аянд хамруулж, замын хөдөлгөөнд хэрхэн аюулгүй оролцох тухай сонирхолтой сургалт зохион байгуулсан юм.
Түүнчлэн хүүхдүүдэд дуу хөгжмөөр дамжуулан замын хөдөлгөөнд аюулгүй оролцох ойлголтыг хэвшүүлэх зорилгоор “Gertoon” анимэйшн студитэй хамтран хүүхдэд зориулсан дуу бүтээж байсан билээ. Та бүхэнд хүүхдүүдтэйгээ хамт энэхүү дууг сонсож, замын хөдөлгөөнд хэрхэн аюулгүй оролцох тухай хүүхдүүддээ анхааруулаарай.
Зөвхөн 2024 онд гэхэд улсын хэмжээнд зам тээврийн осолд өртсөн нийт хүүхдийн 59 хувь нь явганаар замын хөдөлгөөнд оролцох үедээ гэмтэж бэртэн, амь нас, эрүүл мэндээрээ хохирчээ. Эдгээр ослын тохиолдлын 72,2 хувь нь нийслэлд бүртгэгдсэн байна.
Иймд жолооч нарт хандан замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох, замын гарц тэмдэглэгээтэй газар хурдаа сааруулах, хүүхэд багачуудад зам тавьж өгөх, замын дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг уриалж байна. Ялангуяа сургууль, цэцэрлэг орчмын бүсэд замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулаарай. Өдөр бүрийг гэрэлтүүлдэг бяцхан үрсээ хайрлая.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна