МАН-ын даргын суудлын төлөөх дотоод зодоон нь Монгол төрийн хямрал болох нь гэдгийг хэвлэлүүд сануулан бичиж байсан билээ. Тэгвэл манай улсад энэ шинж тэмдэг нэгэнт илрээд улам бодит болж ирлээ. Муу ёрлож байгаа юм биш, төсөв хугацаандаа батлагдахгүй байх, үүнээс үүдэлтэйгээр Парламентад итгэл алдрах, бүр тарах, улмаар Оюутолгойн хүү бууруулах, “Онтрэ”-гээс хувь эзэмших, Баялгийн санд мөнгө хуримтлуулж сайхан амьдрах монголчуудын мөрөөдөл тэр чигтээ лөөлөө болж мэдэх эрсдэл бодитоор үүсээд байна. Нэгэнтээ эрсдэл байгаа бол тэрийг урьчилан харж, сануулж, хаах учиртай. Яг одоо Монголд монголчуудыг хүсэшгүй муу замаар явуулж мэдэх хэд, хэдэн эрсдлийн шинж тэмдэг байна.
Гаднын улс орнуудын жишээнээс харахад, улс төрийн хямрал шийдэгдэх цаг хугацаа нь төсөв эцэслэн батлах цаг хугацаанаас хэтэрсэн тохиолдолд эдийн засгийн хямрал болж өргөжин, улмаар улс төр, эдийн засаг, нийгмийн хямрал болдог. Парламентын сонгуулийн үр дүнгээр нэг нам олонхийн суудал авч чадалгүй, улмаар хамгийн олон суудал авсан нам нь бусад намтайгаа тохиролцож эвслийн Засгийн газраа байгуулах гэсээр төсөв батлах хугацаагаа өнгөрүүлснээр ийм байдалд хүрдэг, ихэнхдээ.
Гэтэл манайд тийм асуудал байхгүй хэр нь ийм нөхцөл байдал үүсэж /Үүсгэж байж болох уу!!!/ байгаа нь хачин байна.
Эхний шинж тэмдэг нь, Засгийн газар огцорсон. Дараа нь намын даргын асуудлыг тэр дор нь шийдээгүй. Эцэст нь, болохгүйдээ тулбал (Улсын дээд шүүх эрсдлийг хаах хамгийн боломжтой субъект, гэхдээ хуулийн хугацаа нь хэтэрхий урт байгаа) Намын даргын маргааныг таслах хамгийн ойрын боломж болох МАН-ын Их хурал төсөв эцэслэн батлах хуулийн хугацаанаас хойш товлогдлоо.
Улсын төсвийг ирэх арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах ёстой, гэтэл МАН-ын Бага хурлын гишүүд Их хурлаа арваннэгдүгээр сарын 15, 16-нд буюу Төсөв батлах хуулийн хугацаа өнгөрсний маргааш дуусахаар тов зарласан. Улс төрийн хямрал шийдэгдэх хугацаа төсөв батлах хугацаанаас хэтэрхээр юу болдог билээ.
Хоёрдугаарт, Парламент дахь сөрөг хүчин болох Ардчилсан нам хөндлөнгөөс улс төр хийж орж ирэхдээ асуудлыг мөн л төсөвтэй уяж орхив.
Тодруулбал, АН-ын Улс төрийн зөвлөл, УИХ дахь намын бүлэгтэйгээ хуралдаад УИХ-ын дарга Д.Амарбаясгалангаас нэр холбогдсон асуудлуудаа хуулийн байгууллагаар шалгуулах, Ерөнхий сайд Г.Занданшатараас Төсвийн хэлэлцүүлгийг хойшлуулах, эргүүлэн татахыг шаардлаа. Түүгээр зогсохгүй, УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй байхыг намын бүлэгтээ зөвлөжээ.
АН-ын энэ тоглолт МАН-ыг Бага хурлын шийдвэр дээрээ эвлэлдэн нэгдэхийг шахсан шинжтэй. Өнгөндөө Д.Амарбаясгалан руу дайрч байгаа ч эцэст нь ашигтай тусах үр дагаврыг шаардсан гэсэн үг. Гэхдээ энэ нь хэтэрхий өнгөц дүгнэлт ч байж мэднэ. Цаана нь өөр шалтгаан байж ч мэднэ. Ямар ч байсан Г.Занданшатарын талынхан асуудлаа Их хурлаараа шийдүүлнэ гэж зүтгээд, АН тэр болтол УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй гүрийвэл төсөв хугацаандаа батлагдахгүй тийшээ л явна.
Энэ бол муу ёрлох эхний шалтгаан.
Улс төрийн хямрал төсөвтэй холбогдохоороо эдийн засгийн хямрал болж, төсвийн жил эхэлсний дараа нийгмийг хамарсан хямрал болж даамжирдаг бичигдээгүй хуультай. Төсөв батлагдахгүй удвал эхний ээлжинд төрийн байгууллагууд цалингаа тавьж чадахгүй, иргэд өлсөнө. Нийгэм хямарна. Улмаар бухимдаж, уурлаж, гудамжинд гарч ирцгээж ч магад. Тэгэхээр, нийт эдийн засгийн 90 хувь нь /УИХ-ын асуулгын цагаар Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл цилиндр саванд бөмбөлөг хийж байгаад төсөв 35 хувь, ТӨК-иуд 30 хувь, төрийн тусгай зөвшөөрөлтэй ААН-үүд 25 хувь гэж тайлбарлаагүй юу/ төр, төсвөөс хамааралтай манай улсын хувьд төсөв батлагдахгүй байх нь төсөөлшгүй хортой үр дагаварт хүргэж болохыг энэ тоо харуулна.
УИХ, Засгийн газар Баялгийн сангийн хууль баталж, хуулийн дагуу байгуулсан сангуудаа арвижуулах, Монгол Улс, монголчууд баялгийнхаа эзэн байх, иргэд нь баялагаасаа хувь хүртэж амь, амжиргаагаа сайжруулах чиглэлд олон ажил төлөвлөсөн. “Рио Тинто” групптэй байгуулсан зээлийн хэлэлцээрт өөрчлөлт оруулж хүүг буулгах, Оюутолгойн баялгийн 32 хувийг эзэмшиж буй “Онтрэ” ХХК-тай хэлэлцээр хийж 34 хувиа олж авах, эдийн засгийн эргэлтэд орсон Ухаа худаг, Нарийн сухайт, эргэлтэд ороогүй бусад Стратегийн орд эзэмшигчидтэй хэлэлцээр хийж төрийн хувь эзэмшлийг тогтоох зэрэг монголчуудын хамгийн ихээр хүлээж, найдлага тавьж байгаа ажлууд хүлээгдэж байна.
Ийм чухал үед амин хувийн ашиг хонжоо хөөцөлдөх байдал харуулж, албаар, хэргээр ч юм шиг хямрал руу хөтөлж болохгүй. Эхлээд төсвөө цаг тулгахгүй наана нь батлаад авч болно. Цаана нь ч хугацаа бий.
Парламентын засаглал эрсдэлд орох
Төсөв баталж чадахгүй бол Парламент тардаг жишиг бий. Манайд ийм зохицуулалт байхгүй. Гэхдээ Парламентын үндсэн үүрэг нь төсөв батлах, тэр ажлаа хийж чадахгүй байна гэдэг засаглалын энэ хэлбэрт итгэх итгэлийг алдагдуулж болзошгүй. Бид чухам Парламентын засаглалаа бэхжүүлэх л гэхдээ олон нам оруулахын тулд гишүүдийн тоог нэмж, санал бага гээдэг пропорциональ тогтолцоог сонгосон. Ийм тогтолцоотой үед Парламентын сонгуульд нэг нам олонх болох маш хэцүү. Цаашдаа эвслийн Засгийн газар байгуулах шаардлага олон гарна, энэ нь хүссэн хүсээгүй Засгийн газрыг тогтворгүй болгох эрсдэлтэй. Ийм үед хамгийн тогтвортой харагдах институци нь Ерөнхийлөгчийн институци болдог. Сонгодог Парламентын засаглалд шилжиж чадаагүй манайх шиг улсад энэ бол бас нэг эрсдэл мөн. Цаашдаа олон гарах ийм эрсдэл рүү /Засаг огцрох, Парламент үүргээ биелүүлж чадахгүй байх/ олонхтой парламент бүрдүүлсэн үедээ албаар юм шиг явж орох нь дэндүү тэнэг хэрэг.
Эрсдлийг хаах арга байна
Дээр дурдсан эрсдлүүд хэдийгээр бодитой байгаа ч хаах арга зам, боломжууд бас бий.
Хамгийн чухал нь улс эх орон, ард түмнийхээ сайн сайхан, эрх ашиг, магадгүй аюулгүй байдлын төлөө эвлэлдэн нэгдэх нь энэ бүхний үндэс. Улс төрийн намууд, Улсын дээд шүүх, ард түмний төлөөлөл болсон УИХ, гүйцэтгэх дээд байгууллага Засгийн газар нэгдэн нягтарч, хурдан шуурхай ажиллаж чадвал нөхцөл байдлыг ард иргэдэдээ ашигтайгаар эргүүлэх боломж бүрэн байна.
Дараа нь ажлаа эрэмбэлээд хийж болно. Ашигт малтмалын тухай хуулийн зарим хатуу заалтыг /Өөрчлөх ёстой гол заалт нь 5.7 гэж харж байна/ өөрчилж, 5.3, 5.4 зэрэг уян хатан заалтуудаа ашиглаж, ААН-үүдийнх нь үйл ажиллагааг нь доголдуулчихгүйгээр Баялгийн санд байнга өгөөж хуримтлуулж байх зохистой хувь хэмжээг тогтоох, ордуудыг эргэлтэд оруулснаас хойших жилүүдийн ногдол ашгийг нөхөж авна, ингэхдээ “бөөнд нь нэгмөсөн авна” гэж муйхарлаж, мохоохоо болих нь хамгийн түрүүнд хийх ёстой ажил. Эхэнд өгүүлсэн эрсдлүүдийг хаахын тулд бол хийж болмоор ажлууд.
Хэрүүл маргаанаа больж, хил холболтын төмөр замын гэрээг муучлахаа больж, ач холбогдлыг нь үнэлэх нь бас нэг гол ажил.
Эцсийн эцэст, төсөв алдагдалгүй батлаад Монгол Улс хөгжихгүй. Цалин тэтгэврийг инфляцтай уялдуулж нэмээд иргэдийн амьдрал сайжрахгүй. Инфляциас хоёр, гурав дахин ихээр нэмж байж л амьдрал сайхан болно. Ингэхийн тулд экспортын орлогоо өсгөх ёстой. Хил холболтын төмөр зам энэ боломжийг бий болгоно. Гол нь, Ганцмод-Гашуунсухайтаас түрүүлээд Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандалын хил холболтын төмөр замууд ашиглалтад орж (хэдхэн сарын дотор!!!), тэрбум ам.доллараар хэмжигдэх нэмэлт орлогууд орж ирнэ гэдгийг мартаж болохгүй.
Гол нь, болж байгаа үйл явдлууд, оролцогчдын үг хэл, үйлдэл, цаг хугацааны товлол гэх мэт олон давхцал хямрал руу чиглээд байгаа нь санамсаргүй биш юм биш биз гэсэн болгоомжлол байгаа учраас л ингэж муу ёрлож байгааг ойлгоно биз ээ. МАН өмнө нь хэзээ л даргынхаа асуудлыг нийгэм рүү цацаж байлаа. Энэ бол буруугаар эргэвэл олон нийтийг тогтворгүй болгох суурь болж болно. Яг одоо бидэнд боломж, эрсдэл тэнцүү байна.
Боломжоо ашиглахгүй бол харийнханд л ашигтай тусах байх. Тэгээд, Монголын минь заяа мэдэж дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.121
Хамгийн хурдан шийдэх арга нь хулгайчуудтайгаа эвлэлдэн нэгдэх л юм шиг байна уу
Хариулах202.9.47.57
Одгэрэлийг хулгайн хөрөнгийн хурааж хойд Солонгосын шоронд суулгах юмсан
Хариулах103.229.122.39
ХУРИМТЛАГДСААР ХУРИМТЛАГДСААР. ДАНДАА НЭГ ЯНЗААР БАЙДАГГҮЙ ХОРВОО. .
Хариулах212.16.6.25
МОНГОЛ ХЯМРААД, ДАМПУУРЛЫН ЗАМД ГАРААД УДАЖ БАЙНА !
Хариулах66.181.187.229
Нөгөө орд газруудын луйварчид л маш их баяралцгааж байна .
Хариулах