Оросод Нина Кутина гэдэг нэр маш хурдан алдаршжээ. Тэрбээр найман жилийн өмнө Энэтхэгт очиж, тэндхийн нэгэн агуйд хоёр хүүхдийн хамт соёл иргэншлээс таслагдан амьдарч байгаад саяхан эх орондоо ирсэн юм байна.
Тэрбээр өөрөө тэсвэр хатуужилтай, хүүхдүүд нь мөн тийм болж, ямар ч асуудалгүй амьдарч байсан бөгөөд орон нутгийн цагдаа нар олж мэдээгүй бол цаашид ч тийм хэвээрээ байх байсан биз.
Цагдаа нарыг олоход Нина Кутина хоёр охинтойгоо Карнатака мужийн ой модтой уулын агуйд зэрлэг араатан, жигүүртэн, могойтой зэрэгцэн амьдарсаар найман жилийг үдсэн байв. Түүний байдал цагдаа нарыг маш их гайхашруулсан тул нөхцөл байдлыг үнэлээд тэр даруй арга хэмжээ авч, Гаднын иргэдийг түр саатуулах байранд хийсэн байна. Учир нь агуйгаас олдсон бичиг баримт нь 2017 онд дууссан байсан тул тэрбээр хууль бусаар оршин суугч гэж тооцогдох болсон байж.
Ингээд хуулийн процесс өрнөж, Нина хоёр охинтойгоо ОХУ-д иржээ. Энэ завсарт албадан гаргах төвийн шоронд сар хагас хоригдож, ОХУ-ын ГХЯ, Энэтхэг дэхь ОХУ-ын ЭСЯ, олон улсын хүний эрхийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд анхаарал тавьсны ачаар л эх орондоо буцах боломж олж авсан аж.
Соёл иргэншлээс ангид амьдрах болсон шалтгаанаа тэрбээр “Байгальтай ойр байхын тулд” гэж тайлбарласан байна.
“Бид тэнд үхчихээгүй. Би охидуудтайгаа тийшээ үхэх гэж яваагүй. Охид мань хүрхрээтэй голд сэлж, тохь тухтай газарт унтаж, сайтар хооллодог байв. Би тэдэнд амттай хоол унд бэлтгэж өгдөг байсан” гэж тэрбээр сэтгүүлчдэд ярьсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна