Израйль болон ХАМАС энхийн төлөвлөгөөний эхний үе шатны болзлыг хэрэгжүүлэхээр тохиролцжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Truth Social"-д энэ талаар мэдээллээ.
"Энэ бол ХАМАС бүх барьцааны хүмүүсийг удахгүй суллаж, Израиль улс тогтвортой энх тайвны төлөөх эхний алхам болгон цэргээ тохиролцсон шугам руу татна гэсэн үг" гэж Д.Трамп бичжээ.
Мөн "Арабын болон Лалын ертөнц, Израиль, хөрш зэргэлдээ орнууд болон Америкийн Нэгдсэн Улсын хувьд өнөөдөр агуу өдөр" гэжээ.
Цагаан ордны тэргүүн мөн Израйль, ХАМАС-ын хэлэлцээрт зуучилсан Катар, Египет, Турк улсуудад талархал илэрхийлсэн байна.
Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху мөн Д.Трамптай ижил мэдэгдэл хийж, хэлэлцээрийг өнөөдөр Засгийн газраа хуралдуулж батална гэжээ.
"Төлөвлөгөөний эхний үе шат батлагдсанаар манай бүх барьцаалагдсан хүмүүс суллагдана. Энэ бол Израиль улсын хувьд дипломат амжилт, үндэсний болон ёс суртахууны ялалт юм" гэж Б.Нетаньяху онцолжээ.
ХАМАС бүлэглэл мөн Израильтай гэрээ байгуулснаа албан ёсоор зарлаж, хэлэлцээрт барьцааны хүмүүсийг солилцох, Газын зурвасаас Израйлийн цэргийг гаргах зэрэг багтаж байгааг зарласан байна.
"Ард түмнийхээ өнөөдрийг хүртэл гаргасан золиос дэмий хоосон зүйл биш гэдгийг харуулж, ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнох эрх нь хэрэгжих хүртэл нь хэзээ ч орхихгүй, амлалтдаа үнэнч байх болно" гэж бүлэглэл албан ёсны мэдээлэлдээ онцолжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна