Нобелийн шагналтнуудыг тодруулах хороо энэ жилийн Энхтайвны шагналд нэр дэвшигчдийг өнөөдөр зарлана. Тэгвэл нэр дэвшигчид зарлагдахаас өмнө Английн “The Daily Telegraph” сонинд “АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Норвеги улсын бараа, бүтээгдэхүүнд одоо ногдуулж байгаа 15 хувийн гаалийн татварыг нэмэгдүүлж, тус улсаас газрын тосны бүтээгдэхүүн худалдаж авахгүй байхыг уриалж магадгүй” гэсэн мэдээлэл гарчээ. Мэдээлэлд “Д.Трамп өөрөө шагнал авахын тулд Нобелийн шагналтнуудыг тодруулах хороонд шахалт үзүүлэхийг оролдсон” гэсэн агуулга байсан нь шуугиан тариад байна.
Мэдээлэлд бичсэнээр бол Д.Трамп таван гишүүн бүхий хороонд хандаж ”АНУ зургаан дайныг зогсоосон. Шагнал өгөхгүй бол АНУ-ыг доромжилсон хэрэг болно” гэсэн гэнэ. Сонины редакциас энэ асуудлаар Норвегийн Засгийн газраас (Гадаад харилцааны сайд Эспен Барт Эйде) тодруулахад Нобелийн хороо Засгийн газраас ямар ч хамааралгүй ажилладаг гэсэн хариу сонссон байна.
Болж буй үйл явцыг тайлбарлавал, Нобелийн хороо Энхтайвны шагналд нэр дэвших 338 хүний нэрийг өнөөдөр зарлах ч хорооны гишүүн Эрик Аашейм өмнө нь “Энэ жилийн шагналтныг аль хэдийнэ тодруулсан” гээд мэдэгдчихсэнтэй холбоотой юм байна. Өөрөөр хэлбэл, Израиль, ХАМАС тохиролцоонд хүрэхээс өмнө шагналын эзэн тодорчихсон гээд хэлчихжээ. Хороо хамгийн сүүлд энэ сарын 6-нд хуралдсан юм байна.
Д.Трамп өөрөө бол шагнал авна гэж бодохгүй байгаагаа илэрхийлсэн ч АНУ-ын хэвлэлүүдэд Ерөнхийлөгчийгөө шагнал хүртэх гавьяа байгуулсан гэж бичиж байна. Израиль, Пакистан, Камбож, Габон, Руанда, Армен, Азербайжан гэсэн долоон ч ул түүнийг Нобелийн Энхтайвны шагналд нэр дэвшүүлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна