Монголын говиос оцон шувуу, галууны шинж төрхийг шингээсэн, эрүү нь ер бусын олон тооны жижиг шүдээр дүүрсэн үлэг гүрвэлийн яс олджээ. Энэхүү олдвор нь үлэг гүрвэлийн амьдралын талаар бидний өмнө нь олж цуглуулсан мэдэлгийг шинэчлэх хэмжээний үнэ цэнэтэй мэдээлэл агуулж байж болох юм гэсэн байр суурийг палеонтологичид илэрхийлж байна.
Тодруулбал, уг ясыг усны амьдралд зохицсон анхны шувуу биш теропод байж болох юм гэж таамаглаж байгаа аж. Шинжлэх ухаанд өмнө нь мэдэгдээгүй шинэ зүйл учир “Олон шүдтэй, усны анчин” гэдэг утгатай “Natovenator polydontus” гэдэг нэрийг нээсэн эрдэмтэд нь хайрлажээ.
Natovenator нь 66-145 сая жилийн өмнө амьдарч байсан, тарбозавр тэргүүтэй хоёр хөл дээрээ явагч үлэг гүрвэлүүдийн бүлэгт багтдаг нэгэн зүйл үлэг гүрвэл. Тэгвэл Natovenator polydontus нь энэ зүйлээсээ салбарлаж, усны амьдралд зохицсон болох нь харагдаж байгаа аж.
Тухайлбал, хавирга нь арагшаа чиглэсэн бөгөөд энэ нь орчин үеийн хоолойт шувуудын нийтлэг онцлог аж. Цаашилбал, урт хүзүү, авсаархан бие нь орчин үеийн галуу, оцон шувууг санагдуулам аж. Олдворыг Сөүлийн их сургуулийн эрдэмтэд олсон бөгөөд одоо ходоодон дахь үлдэгдлийг судалж байгаа юм байна. Эрдэмтдийн багийн ахлагч Ли Ёнг намын хэлснээр, цаг хугацааг давж туулахад үлэг гүрвэлийн ясны хэмжээ чухал нөлөөтэй. Жижиг хэмжээтэй үлэг гүрвэлийн үлдэгдэл амархан устах магадалл өндөр. Тиймээс Natovenator polydontus-ын үлдэгдлийг бараг бүтнээр нь олсон нь шинжлэх ухаанд асар үнэ цэнэтэй гэсэн байна.
Эцэст нь, уг олдвор олдсон Баруун гоёот нь шувуу хэлбэрт үлэг гүйрвэлийн олдвор олддогоороо алдартай бөгөөд “Jaculinykus yaruui” зэрэг олдворууд олдож байсан. Палеонтологийн шинжлэх ухаанд маш алдартай Нэмэгтийн хөндийн доод давхарга гэж тооцогддог газар ажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна