Оросын нефтийн үйлдвэр бөмбөгдүүлжээ

Zuv.mn
5 цаг 5 минутын өмнө

Украйн улс өнгөрсөн амралтын өдөр Москвагийн зүүн хэсэгт орших, Оросын дөрөв дэх том газрын тос боловсруулах “Рязань” үйлдвэрийг бөмбөгджээ. 

Үйлдвэр галд автсанаар үйл ажиллагаа нь зогссон байна. Тус үйлдвэр жилд 13 сая тонн түүхий тос боловсруулж, 2.3 сая тонн бензин, 3.4 сая тонн дизель түлш үйлдвэрлэж байжээ. Зөвхөн 2.3 сая тонн бензинийг Улаанбаатар хотын өнөөгийн хэрэглээтэй харьцуулбал 160 жил хангах өндөр дүн юм. Хэрэв манай улсын хэрэгцээгээр тооцвол 10 жил хангахуйц болно. Эндээс “Рязань” үйлдвэрийн хүчин чадал ямар өргөн цар хүрээтэй байсан нь харагдана.

Үйлдвэр “хаалгаа барьснаар” ОХУ-ын дотоодын зах зээлд шатахууны хомсдол, үнийн өсөлтийг дэвэргэж байна. Иймд хойд хөрш Беларусь, Казахстанаас шатахуун импортолж байснаа нэмэгдүүлж Сингапур, Хятад, Өмнөд Солонгосоос авахад хүрчээ.

Он гарснаас хойш ОХУ-ын 42 үйлдвэрийн талд нь 50 гаруй удаагийн дроны халдлагад өртсөн байна. Мөн дроны халдлагаас болж сүйдсэн үйлдвэрүүдийг сэргээн засварлахад барууны хоригоос болж тоног, төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн хүртээмж багассан тул хүндрэл үүсэх болжээ. Зарим үйлдвэрийн засвар зогссон байна. Улмаар энэ байдлаас үүдэж шатахууны хангамж тасалдаж, үнэ хөөрөгдөж эхэлсэн. Тухайлбал, Свердловск, Тюмен зэрэг газруудад нэг машинд 30 литрээс илүү бензин худалдахгүй, Эрхүү, Улаан-Үд зэрэг хотуудад шатахууны үнэ тасралтгүй өсөж байна. Ялангуяа, өргөн хэрэглээний АИ-92 шатахууны үнэ он гарснаас хойш 40 орчим хувиар нэмэгджээ.

ОХУ-д шатахуун хангамж тасалдаж эхэлсэн тул тус улсаас нефть бүтээгдэхүүний хамааралтай Тажикстан, Киргизстан, Узбекистан, Монгол зэрэг оронд эрсдэл улам нэмэгдсээр байна. Иймд манай улс Хятадаас авах шатахууныхаа нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлж, Казахстан улсаас шатахуун импортлох хүсэлт тавиад байна. Түүнчлэн, хоёр орны Засгийн газрын хооронд байгуулсан гэрээний дагуу шатахууны хангамжийг тасалдуулахгүй байх тал дээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон холбогдох албаныхантай байнгын холбоотой ажиллаж байгаа аж. Мөн шатахуун тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулахад Эрдэс баялаг аж үйлдвэрийн яам, Монголын төмөр зам, Гаалийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн газар, нефть импортлогч компаниуд нэгдсэн зохион байгуулалттай ажиллаж байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.185.208
    52 минутын өмнө

    Одоо нөгөө манай газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөлдөө онц байдал тогтоож төрөөс яаралтай дэмж

    Хариулах