ОЮУТОЛГОЙД ЭХЛҮҮЛСЭН БАРИВЧИЛГАА: Тохиолдол уу, эсвэл...

Zuv.mn
9 цаг 55 минутын өмнө

“Оютолгой”-н 34 хувийг эзэмшигч Монгол Улсын Засгийн газар, 66 хувийг эзэмшигч “Рио Тинто”-той төслийн санхүүжилтэд ашигласан зээлийн хүүг бууруулах хэлэлцээрийг өнөөдөр эхлүүлэх товтой байгаа билээ. Гэтэл энэхүү чухал хэлэлцээрийг угтуулан Монголын хууль хүчний байгууллага Оюутолгой ХХК-ийн Монгол талынхаа дарга нарт гүйцэтгэх ажиллагаа явуулж, хулгай хийсэн талаар зарлаж, заримыг нь баривчилж байгаа нь анхаарал татлаа.  

Уг нь Монголын тал энэ хэлэлцээрт маш том давуу талтай орж байгаа.

Тодруулбал,

-Гүний уурхайн бүтээн байгуулалт дуусаж, төслийн эрсдэл бүрэн арилсан.

-Монгол Улсын зээлжих зэрэглэл ахиж, В1+ тогтвортой ангилалд шилжсэн. Энэ бол зээлийн хүүг бууруулах, улмаар менежментийн төлбөрийг багасгах хангалттай үндэслэл мөн.  

Дээр нь шударга ёс, үнэн манай талд буй. Анх зээлсэн 6.1 тэрбум ам.долларын зээл ил уурхайн нөөц дуусаж байхад буюу уурхайн нийт нөөцийн 20 гаруй хувь нь барагдчихаад байхад хасагдах нь битгий хэл 12.1 тэрбум ам.доллар болтлоо өснө гэдэг байж болшгүй явдал. Зүй тогтлоороо бол төслийн 66 хувийг эзэмшигч “Рио Тинто”-д зээлийн дарамт илүү ирэх учиртай. Гэтэл өөрөө “Дамжуулан зээлдэгч” учир хүүгийн зөрүүнээс ашгаа олж, монголчуудыг харин өдрөөс өдөрт өрөнд оруулж буй.

Гэтэл манай сул тал болж, “Рио Тинто”-д ашиглагдах нь тодорхой үйлдлийг Цагдаа, тагнуулын байгууллага яагаад хийв гэсэн асуулт зүй ёсоор гарч ирж байна.

Засгийн газар өмнө нь “Рио Тинто”-той олон удаа хэлэлцээр хийж байсан. “Рио Тинто”-д үндсэндээ 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, “Онтрэ”-гийн асуудлыг л сөргүүлэн тавьдаг байсан. Бас "БНХАУ-д өгнө"гэх мэдээлэл түгээдэг. Мөн зарим улстөрчдийн хэлж байгаагаар МАН-ыг хувааж, өөрт ашигтай талыг дэмжих замаар эрх ашгаа хамгаалуулсан байж магадгүй байдал харагддаг. 2018 онд, зээлийн хүүг хэлэлцэх өмнөх боломжийн үед яг ийм зүйл болсон гэдгийг Хянан шалгах түр хорооны дарга нь хэлээд буй.  

Тэгвэл энэ удаад ч маш төстэй үйл явц өрнөж байгааг уншигчид харж байгаа биз ээ. Тэд мэдээж, ,маш том баримт, бодит байдлын эсрэг /Уурхай 12 жил үйл ажиллагаа явуулчихаад байхад өр хасагдаагүй, хоёр дахин нэмэгдсэн/ эрх ашгаа хамгаална гэдгээ мэдэж байгаа. Гэтэл яг энэ эгзэгтэй үеэр МАН хуваагдлаа. Хятадад зарах мэдээлэл олон улсад цацагдсан. 

Гэтэл дээр нь нэмээд Монголын Хууль хүчний байгууллага нь өөрөө “Танайхан хулгайч юм байна ш дээ” гэж ам асуух хэмжээний том барьцыг “Рио Тинто”-д олж өгч байна. Үүнийг юу гэж ойлгох вэ.

Тагнуулын байгууллага “Оюутолгой” ХХК-ийн нэр бүхий албан тушаалтнуудын орон байр, автомашинд энэ сарын 23-ны үүрээр гүйцэтгэх ажиллагаа явуулж, нэгжлэг хийсэн байдаг.

Үүнээс хэдхэн цагийн өмнө буюу 22-ны шөнийн 23.00 цагийн орчимд ҮХЦ дүгнэлт /Жич: Үндсэн хууль, бусад хуулийн зөрчилтэй дүгнэлт гарсан/ гаргаж, Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулсан шийдвэр хүчингүй болсон.

“Рио Тинто” өлгөж аваад Оюутолгойд дотоод мөрдөн шалгах ажил эхлүүлсэн. Түүнээс хойш мөрдлөгийн үр дүнгийн талаар шинэ мэдээлэл огт гараагүй. Оюутолгой дээр хулгай байгаад, тэрийг нь Монголл талаас томилогдсон дарга нар үйлдсэн нь нотлогдож, хэлэлцээрт ашиглах вий гэсэн болгоомжлол төрүүлэх факт мөн.

Өнөөдөр хэлэлцээр эхэлнэ, гэтэл “Оюутолгой” ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн дарга М.Ганболд гэгчийг Тагнуулын байгууллага Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”,  22.4 дэх хэсэг “Нийтийн албан тушаалтан хахууль авах”, 18.6 дахь хэсэг “Мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан, мөрдөн шалгаж эхэлсэн мэдээлэл цацагдлаа.   

Эндээс, “Рио Тинто”-д ашигтай байдал үүсгэх ажлыг эндээс, Монголоос зохион байгуулж байгаа юм биш биз гэсэн хардлага зүй ёсоор гарч байна.

“Оюутолгой” хэдий Монголд бүртгэлтэй, Монголын компани ч мэдээлэл нь нууцлагдмал байдгаас болж сэтгүүлч байтугай УИХ-ын гишүүн хүртэл энэ компанийн талаар хардахаас өөрийг хийх боломжгүй. Бодит байдал гэвэл, монгол дарга нарын хулгай Монголын талд муугаар нөлөөлөх магадлалтай.  

“Оюутолгой” бол 34 хувь төрийн эзэмшилтэй компани. “Шилэн данс”-ны тухай хуулиар 34 хувь, түүнээс дээш төрийн мэдлийн компаниуд “Шилэн данс” хөтлөх ёстой. Гэтэл Оюутолгой өнөөдрийг хүртэл хөтөлсөнгүй. 34 хувийг эзэмшигч “Эрдэнэс Оюутолгой” л хөтөлж ирж. Гэтэл энэ компани ногдол ашиг авах болоогүй. Харин ард иргэд яг “Оюутолгой” ХХК дээр юу болоод байна гэдгийг мэдэхийг хүсэж байна. Ер нь, аливаа компани “Шилэн данс” хөтлөхгүй байх нь тухайн компанид ил гаргаж болохгүй нууц зардлууд байгааг илэрхийлдэг. Ялангуяа төрийн оролцоотой, төр нь нууц байдлыг хөхиүлэн дэмждэг бол төрийн ашиг сонирхол явж байна аа гэж үздэг. “Оюутолгой” ХХК-ийн нөхцөл байдал яг ийм байна.

Ийм байдлаас болоод дотор нь далд хулгай явж, тэр нь зээлийн хүү буулгах хэлэлцээрийн үр дүнд сөргөөр нөлөөлбөл баялгийн жинхэнэ эзэн болох нийт монголчуудын эрх ашиг хохирно. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 80.240.196.163
    2 цагийн өмнө

    manaixan ix l muu sanaatai xumuusde. uls orniig maan tonon deeremdej bga edgeer durakuudad gants chaddag sanaagaa gargaad oorsdodoo ashigtai baidliig bii bolgoj chadaxgui yu. medeej avch xeregjuulex arga xemjee n uls orond onoogiin noxtsol baidald xund tusax n argagu bx, mongoni xomsdold orox teriiige dagaad olon ur dagavar garax n argagui. gexdee tevcheed ireeduigee xarsan tom zorimog xodlox n chuxal yum shigee

    Хариулах