"Төр засаг маань яс булаалдсан нохой шиг л байна"

Х.Есү
9 цаг 10 минутын өмнө

Монголын барилгачдын нэгдсэн холбооноос цаг үеийн байдлаар УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлэх болсон талаар мэдээлэл өглөө. 

Тэд "Өнөөдөр улс төрийн нөхцөл байдал ямар хэцүү байгааг Монголын ард түмэн бүгд мэдэж байгаа. Улс төрийн нөхцөл байдлаа дагаад эдийн засаг хүндэрч байна. Улс орон нутгийн төсвөөр барилгын ажил хийж байгаа компаниудын санхүүжилт зогсож байна. Гэтэл үүнийгээ шийдэх ёстой төр засаг маань яс булаалдсан нохой шиг л байна. 

Өнөөдөр бид төр тогтвортой байгаасай л гэж хүсэж байна. Том том хулгайн асуудал байдаг гэдгийг бид харсан. Энэ асуудал үнэхээр байдаг бол хууль хүчний байгууллагынхан нь шийдээч ээ. Улс төрийн нөлөөгөөр битгий шийдээч ээ, улс төрийн хямралаа битгий гүнзгийрүүлээч ээ, эх орон ард түмнээ бодооч ээ гэж хэлмээр байна. 

Төр хямрах юм бол ард иргэдийн амьдрал дуусна. Улс орон хүнд байдалд орно. Төр засгаа тогтвортой болгох боломж байгаа бол улс төрчид маань ухаантай байгаад өгөөч ээ. Биднийг айдас хүйдэст битгий амьдруулаач ээ. 

Бид өнгөрсөн таван жилийн хугацаанд дөрвөн сайдын нүүр үзлээ. Хэрвээ одоогийн Засгийн газар дахин огцрох юм бол бид тав дахь сайдтайгаа учрах гэж байна. Энэ мэт улс төрийн тогтворгүй байдал барилгын салбарт хортой үр дагавар авчирч байна.

Барилгын компаниудын онцлог нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажил гүйцэтгэдэг. Тэдний цалин, тээвэр, материалын зардлыг төсөвт тогтоосон тарифаар тооцдог. Гэтэл зах зээлийн үнэ байнга өсөж байхад тариф нь дагаж өөрчлөгддөггүй. Үүнээс шалтгаалан компаниуд алдагдал хүлээж байна.

Сүүлийн 20-30 жил хөдөлмөрлөж буй олон хүн өрөнд орж байна. Энэ нь төсвийн мөнгө хулгай, завшилттай холбоотой. Ажил хийх тусам өрөнд орж, амьдрал хүндэрч байна. Тиймээс төр, засаг, УИХ бодит шийдвэр гаргаж, ард түмний талд ажиллаач ээ. Хулгай, завшилтыг хуулиар шийдэж, улс төрийн зөрчлийг биш харин эв нэгдлийг эрхэмлэе" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна