Ногоон автобусны хэрэгт холбогдсон Тэнүүн-Огоо ХХК-ийн захирал А.Ганхуягт анхан шатны шүүхээс нийтийн албанд ажиллах эрхийг нь 3 жил хасаж, 6 жил хорих ял оноосон байдаг.
Тэгвэл тэдний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу давж заалдах шатны шүүх хурал 10 дугаар сарын 23-28-ны хооронд болж өндөрлөлөө.
Давж заалдах шатны шүүхээс А.Ганхуягт оноосон залилах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Тодруулбал,
“Тэнүүн Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг нь Нийслэлийн Засаг даргын тамгын газартай байгуулсан гэрээгээр өөртөө олж авсан давуу байдлаа хамгаалах зорилгоор стикер наах, хүхрийн агууламж бууруулах зориулалтын төхөөрөмж суурилах үйлдэл хийж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нэг эрх ашигт халдаж, нэг төрлийн хохирол, хор уршигт хүргэсэн байна.
Мөн, яллаж буй үндэслэлд дурдсан зөвхөн евро 5 хөдөлгүүртэй автобусанд суурилуулах төхөөрөмж байсан гэж дүгнэх нотлох баримт эргэлзээгүй тогтоогдоогүй, талуудын гэрээ дүгнэсэн байдлаас үзэхэд гэрээний зарим хэсгийг хэвээр үлдээсэн, зарим хэсэгт хугацаатай үүрэг өгсөн, зарим хэсгийг хэсэгчлэн цуцалсан байх бөгөөд захиалагч талаас гэрээ цуцлагдсан хэсгээр хохирлыг тооцон акт үйлдэж гаргуулан авсан байх тул шүүгдэгч А.Ганхуягт холбогдох хэргээс уг үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Шүүгчийн тойм:
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх “Ногоон автобусны хэрэг” гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлууд болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд хянан хэлэлцэж, дараах байдлаар шийдвэр гаргалаа. Үүнд:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх Д.Мөнх-Эрдэнэ, Г.Энхтайван, Г.Мишээлт, Ж.Сүхбаатар, БНСУ-ын иргэн Ли Жон Соб /Lee JungSeob/ Ким Кэа Баум /Kim KeaBaum/, Б.Алтаншагай, Ч.Мөнхбаяр, Ц.Болортуяа нарын 9 хүнд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн, мөн шүүгдэгч А.Ганхуяг, С.Жавхлантбаатар, С.Бямбасүрэн нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолын энэ хэсгүүдийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
2. Шүүгдэгч А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, А.Чойжилсүрэн, Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх, Б.Мөнхболд, Д.Цогтбадрах, Б.Баярмаа, Б.Дөлгөөн, Ц.Хадбаатар, О.Лувсандагва, О.Сүхбаатар, О.Хонгорзул нарын 13 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэхдээ хууль зүйн дүгнэлтийн зарим хэсэг нь хэргийн талаар тогтоосон байдал, түүний гэм бурууг нотолж байгаа нотлох баримтын агуулгад буюу хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул тэдгээрт холбогдох хэсгүүдэд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв. Тодруулбал,
- Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын А/157 тушаалаар батлагдсан ажлын хэсгийн гишүүд болох шүүгдэгч Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх, А.Чойжилсүрэн нарыг “Тэнүүн Огоо” ХХК-иас их багтаамжийн дизель автобусны хөдөлгүүр “..DE08TIS DIESEL (240PS)..” гэж евро-2 стандартын хөдөлгүүртэй санал ирүүлсэн буюу техникийн тодорхойлолтын 6 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байгааг огт шалгаж үзээгүй шийдвэр гаргасан, уг шийдвэр гаргахад шүүгдэгч С.Жавхланбаатар нөлөөлсөн гэж дүгнэсэн боловч нэр бүхий шүүгдэгч нар зориуд санаатай үйлдлээр дээрх нөхцөл байдлыг шалгаж үзээгүй, мөн тэдгээрт хэн нэг этгээд нөлөөлсөн, мэдсээр байж Тэнүүн Огоо ХХК-д давуу байдал бий болгосон гэж үзэх үйл баримт, үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй.
Харин шүүгдэгч Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх, А.Чойжилсүрэн нарын техникийн тодорхойлолтын 6 дахь хэсэгт заасан үзүүлэлтийг “..Дизель турбо евро III, нэмэлт хэсэгт DE08TIS DIESEL (240PS, Евро III)” гэж евро-2 хөдөлгүүрийн DE08TIS DIESEL моделийг бичиж ирүүлснийг шалгаж тодруулаагүй үйлдэл нь ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан “Хайнга хандах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэж, тухайн зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан,
мөн, анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Эрдэнэбатыг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 50 дугаартай албан бичиг үйлдэж, тодруулгад дурдсан бүх шаардлагыг хангана гэсэн агуулгаар албан бичиг хүргүүлж, ажлын хэсгийн гишүүдийг өөрийн компанийг сонгон шалгаруулахад зориуд хүргэсэн гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэж прокуророос яллаж ирүүлээгүй үндэслэлээр гэм буруутайд тооцсон. Тухайн албан бичгийн агуулгаас үзэхэд техникийн тодорхойлолтын 6 дахь шаардлагад буюу Евро-2 хөдөлгүүрийн модель хэсэгт тодруулга аваагүй, энэ талаар тодруулга өгөөгүй байгаа учир уг албан бичиг үйлдснээр сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүдэд нөлөөлж давуу байдал бий болгосон гэж үзэх боломжгүй байх тул шүүгдэгч Ж.Эрдэнэбатад холбогдох хэргээс уг үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
- Залилах гэмт хэргийн хувьд, прокуророос Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэд болох “Воннам Жи Эл Эс” ХК /Wonnam GLS Co.,Ltd/-ын захирал болох Ли Жон Соб /Lee Jung Seob/, “Иктае” ХК /Iktae Co.,Ltd/-ын ерөнхийлөгч Ким Кэа Баум /Kim Kea Baum/, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нарыг залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж яллагдагчаар татсан бөгөөд анхан шатны шүүх Ли Жон Соб, Ким Кэа Баум, Ж.Эрдэнэбат нарыг гэмт хэрэг үйлдээгүй гэж цагаатгаж, шүүгдэгч А.Ганхуягийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг цогц байдлаар үнэлж дүгнэхэд, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэд болох “Иктае” ХК /Iktae Co.,Ltd/-ын ерөнхийлөгч Ким Кэа Баум /Kim Kea Baum/, “Воннам Жи Эл Эс” ХК /Wonnam GLS Co.,Ltd/-ын захирал болох Ли Жон Соб /Lee Jung Seob/, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нарын нэгдсэн үйлдлийн үр дүнд евро 2 хөдөлгүүр бүхий автобуст “Adblue” төхөөрөмжийн банк суурилуулаад, евро 5 гэсэн бичиглэл бүхий наалт наасан нөхцөл байдал тогтоогдож байх боловч энэ нь өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөртөө ашиг олох шунахай сэдэлтээр, хариу төлбөр хийхгүй, буцаан өгөхгүй байх санаа зорилгоор өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авсан залилах гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Харин шүүгдэгч “Тэнүүн Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг нь Нийслэлийн Засаг даргын тамгын газартай байгуулсан гэрээгээр өөртөө олж авсан давуу байдлаа хамгаалах зорилгоор стикер наах, хүхрийн агууламж бууруулах зориулалтын төхөөрөмж суурилах үйлдэл хийж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нэг эрх ашигт халдаж, нэг төрлийн хохирол, хор уршигт хүргэсэн байна.
Мөн, яллаж буй үндэслэлд дурдсан зөвхөн евро 5 хөдөлгүүртэй автобусанд суурилуулах төхөөрөмж байсан гэж дүгнэх нотлох баримт эргэлзээгүй тогтоогдоогүй, талуудын гэрээ дүгнэсэн байдлаас үзэхэд гэрээний зарим хэсгийг хэвээр үлдээсэн, зарим хэсэгт хугацаатай үүрэг өгсөн, зарим хэсгийг хэсэгчлэн цуцалсан байх бөгөөд захиалагч талаас гэрээ цуцлагдсан хэсгээр хохирлыг тооцон акт үйлдэж гаргуулан авсан байх тул шүүгдэгч А.Ганхуягт холбогдох хэргээс уг үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
- Нийтийн тээврийн газрын даргын А/65 дугаартай тушаалаар батлагдсан ажлын хэсгийн гишүүд болох Б.Мөнхболд, Д.Цогтбадрах, О.Лувсандагва, А.Чойжилсүрэн, О.Хонгорзул, Б.Дөлгөөн, Ц.Хадбаатар, Б.Баярмаа нарыг анхан шатны шүүхээс албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаад “Тэнүүн Огоо” ХХК-ийн нийлүүлж буй 20 автобусыг техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй байхад хүлээн авч, “Тэнүүн Огоо” ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.
Учир нь аливаа гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцоход үйлдэл хийхээсээ өмнө урьдчилан амласан байхыг шаарддаг бөгөөд дээрх ажлын хэсгийн гишүүд нь А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, Жавхлантбаатарт нартай урьчилан тохиролцсон амлалт өгсөн, тэдгээртэй хуйвалдаж хэрэгжүүлсэн гэж үзэх үйл баримт, үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Харин, шүүгдэгч Б.Мөнхболд, Д.Цогтбадрах, О.Лувсандагва, А.Чойжилсүрэн, О.Хонгорзул, Б.Дөлгөөн, Ц.Хадбаатар, Б.Баярмаа нар нь А/65 дугаартай ажлын хэсгийн гишүүнээр томилогдон ажиллаж байхдаа ажил үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй буюу сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллах үүрэг хүлээсэн хэдий ч дээд албан тушаалтны шийдвэрт тал засах, бусдад хэт найдах зэргээр үүрэгт ажилдаа хайнга хандаж, хэлбэрийн шинжээр өөрсдийн оролцоог хангасан болгож, 20 ширхэг автобус хүлээн авсан хурлын тэмдэглэл, актад гарын үсэг зурсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй улмаас их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж давж заалдах шатны шатны шүүх дүгнэж, тухайн зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэв.
- Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн Хуульд зааснаар иргэд шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох үндсэн эрхтэй тул анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож, шүүх хуралдааны танхимын түрээс 26.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулсан хэсгийг хүчингүй болгов.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.184
Шүүгчид хувиа аваад ял хөнгөрүүлсиймуудаа
Хариулах