Бид энэ удаагийн "True story" ярилцлагын буландаа Т.Алтанцэцэгийг урьж оролцууллаа.
Түүний хувьд "Magic mascot" энтейртайнментийг үүсгэн байгуулсан ба хүүхдийн төлөө ажиллаж яваа жирийн нэгэн ээж юм. Бид түүний амьдрал хэрхэн яаж өрнөж, хүүхдийн салбарт зориглон орох болсон шалтгааных нь талаар ярилцлаа.
-Манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач?
-Сайн байна уу намайг Т.Алтанцэцэг гэдэг. Жирийн нэг ээж хүн байна.
-Т.Алтанцэцэгийн бага нас хэрхэн өнгөрөв? Багадаа ямархуу хүүхэд байв?
-Би дөрөвдүгээр ангид байхаасаа эхэлж Нарантуул зах дээр юм зарж эхэлсэн. Хамгийн эхлээд хар цай зардаг байсан. Цаашлаад оймс тирко хүртэл зардаг байлаа. Хүүхэд байх үеийн тэдгээр зүйлс намайг их нийгэмшүүлсэн.
Ээж маань намайг их хориглодог байсан л даа. Яах вэ тэгээд би өөрөө ч зөрүүд юм болохоороо хийнэ гэсэн зүйлээ л хийсэн. Жирийн л таван ханатай гэртээ ам бүл тавуулаа амьдардаг байлаа.
Тэр үед зөндөө алдаа оноотой зүйлс болж өнгөрсөн. Би өөрийгөө маш олон алдаатай эмэгтэй гэж боддог. Гэхдээ би хүүхдийн ертөнц рүү орсноороо өөрийгөө уучилж эхэлсэн.
-Яагаад хүүхдийн салбар руу орохоор болов?
-Хүүхэд байхдаа би үнэхээр мөрөөдлөөр дүүрэн охин байсан. Нэг ёсондоо тэр маань одоо илрээд би зүрхний гүн дэх мөрөөдлөө биелүүлж яваа. Би өөрөө мөрөөдөж хийнэ гэж шийдсэн болохоор өнөөдөр ажлаа эхлүүлээд багагүй хугацааг өнгөрөөсөн байна.
Би ээж болсноор хүүхдүүдийнхээ сэтгэлийн цангаа гэдэг зүйлийг тайлах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Хүүхэд бүрийн ид шидэнд итгэдэг тэр жоохон мөрөөдлийг биелүүлэхийг хүсэж байна.
Хүүхдүүд маань маш их орхигдож байна. Би ч бас хүүхдээ орхисон ээж. Энэ бас миний нэг эмзэг сэдэв. Тиймээс ид шидэнд итгэдэг тэр насыг нь дурсамж дүүрэн өнгөрөөхийг хүссэн.
2024 оны наймдугаар сард албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Хүүхдийн салбар чинь бас нилээн тулаантай шүү дээ. Гэхдээ хүүхдийн салбарт сэтгэл хэрэгтэй.
Жишээ нь би 37 настайдаа гүнж болох мөрөөдлөө биелүүлсэн эмэгтэй. Тийм ч учраас багачуудын мөрөөдлийн ид шидийг биелүүлэхээр зүтгэж явна. Хүүхдүүдийг л нэгдүгээрт тавьж хүүхдийн төлөө л ажиллах хэрэгтэй байна.
Зургаадугаар сарын 1-нд Диснейн парад зохион байгуулсан. Тэр үед надад үнэхээр сайхан байсан. Хүүхдүүдийн тэр сайхан гэрэлтсэн энерги, аз жаргалтай байдал нь ямар хөөрхөн байсан гээч. Тэр дунд би өөрийгөө гялалзаж байгаа Алтангадас од шиг л мэдрэмж авсан.
Хүүхдэд сайхан дурсамж бүтээгээд өгөхөд насан туршдаа хүүхдүүд тэр дурсамжаар хооллож амьдардаг шүү дээ.
-Таны цаашид хийхийг зорьж буй ажил?
-Бидний дараагийн төлөвлөсөн том ажлын нэг бол Сүлд модны наадмыг зохион байгуулна. Тэр үйл ажиллагаа дээр энтертаймент гэдэг юу болохыг утгаар нь харуулахыг зорьж байгаа. Гадаадын гоё гоё шинэ жилийн уур амьсгалыг бүрдүүлсэн гудамнууд байдаг шүү дээ. Бид түүнтэй л адил зүйлийг зохион байгуулахаар зүтгэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна