Ч.Чинбат: Хүү маань ээжийгээ надаас нэхэх тэр л үед би цөхөрсөн

Х.Есү
14 цаг 34 минутын өмнө

12 настай Ч.Сүлд хүү зүрхний ховдлын дээрх тахикарди оношоор оношлогдсон бөгөөд хагалгааны зардалд 180 сая төгрөг шаардлагатай болжээ. Түүний аав Ч.Чинбат Монголчуудаасаа тусламж гуйн хандивын аян эхлүүлж буй талаар бидэнтэй ярилцлаа. 

Тэрбээр, "Би хүүгийнхээ төлөө зүтгэж байгаа энгийн нэг аав хүн. 

Би 2017 онд эхнэрээ алдсан. Эхнэр бид хоёр танилцаад багагүй хугацааны дараа хүү маань олдсон. Тийм болохоор би хүүгийнхээ хөлөн дээр үнсээд аав нь өөрөө хөдөлж байх тэр бүх хугацаандаа чиний төлөө зүтгэж чадна аа гэж хэлж байсан. 

Эхнэр маань их л өвддөг байсан. Гэхдээ яг ингээд биднийг орхиод байхгүй болчихно гэж төсөөлж байгаагүй. Тэр үеийн мэдрэмж бол үнэхээр аймар...

Тэр өвлийн хүйтэн байсныг л хэлэх үү. Би хүүгээ хөнжилд нь ороогоод л ажил руу авч явдаг байсан. Ажил дээр ч унтуулаад, машиндаа ч унтуулаад тэгээд л явдаг байсан. Жижигхэн л цагдаагийн алба хаагч шиг байсан. 

Би эхнэрээ алдаад сэтгэлээр маш их унасан. Заримдаа өөрийгөө буруутгаж, би мөнгөтэй байсан бол ээжийг нь аваад үлдэх боломж байсан ч юм болов уу гэж их боддог байсан. 

Хүү минь аав аа ээж эмнэлэг дээр байгаа шүү дээ ээж дээрээ очъё л доо гэж хэлэхэд л эр хүн тэнд л нугалардаг юм билээ. 

Эхнэр маань эцсийн амьсгалаа хураатлаа хүү бид хоёрын төлөө байсан. 

Эхнэр маань өөд болохынхоо өмнө утсан дээрээ нэг зүйл тэмдэглэж үлдээсэн байна лээ. Тэр нь юу вэ гэхээр "Өвдөлт бол түр зуурынх, үхэж болохгүй үр минь нялх, хань минь залуу байна" гэж бичсэн байсан. Тэгж л их өвчинтэйгөө тэмцэж байсан. 

Заримдаа хүүгээсээ нууцаар уйлж байсан үе олон бий. Гэхдээ хүүдээ нулимсаа үзүүлж болохгүй, би хүүгийнхээ өмнө нугарч болохгүй аав хүн шүү дээ. 

Тиймээс хүүгийнхээ өвчинтэй тэмцэж явна. Бид хоёр яаралтай хагалгаанд орох шаардлагатай байгаа. Эмчилгээний зардалд 180 сая төгрөг шаардлагатай. Яаралтай л хагалгаанд орохгүй бол болохгүй нөхцөл байдалтай байна. Тиймээс элэгт нэгт Монголчуудаасаа хүү бид хоёрт туслаач ээ гэж гуйж байгаа юм" гэлээ. 

Хандивын данс: MN670005005101001141 /Аав Ч.Чинбат/




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.189
    10 цагийн өмнө

    Амьдрал санаснаар болдоггүй юм.

    Хариулах