​ COP30: “Уур амьсгалын өөрчлөлт”-ийн эсрэг тэмцэл улс төрийн дэмжлэгээ алдаж байгааг талууд хүлээн зөвшөөрч байна

Zuv.mn
3 цаг 56 минутын өмнө

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын Талуудын 30 дугаар бага хурал Бразилийн Белен /Belem/ хотод өчигдөр эхэллээ. Белен хот нь дэлхийн уур амьсгалд чухал үүрэг гүйцэтгэдэг Амазон мөрний сав газарт оршдог тул хурлыг явуулах газраар сонгожээ.

Тогтсон уламжлалаар бол энэхүү хурлаар дэлхийн 200 шахам улс орны удирдагчид хоёр долоо хоногийн турш чуулж, хүлэмжийн хийг бууруулах, дэлхийн дулаарлын явцыг удаашруулах асуудлыг хэлэлцэн, үүрэг амлалт авч ажилладаг жишигтэй. Гэвч энэ удаад хүлэмжийн хий ялгаруулалтаараа дэлхийд тэргүүлдэг Энэтхэг, ОХУ, АНУ, БНХАУ оролцохгүй гэсэн мэдээлэл гарсан нь хурлын ач холбогдлыг бууруулах хүчин зүйл болж байгааг шинжээчид онцолж байна. Өөрөөр хэлбэл, уур амьсгалын өөрчлөлт, түүний эсрэг хийх тэмцэлд томоохон өөрчлөлт гарч, хүч нь суларсны шинж Белений хурлаар илэрч байна гэж байгаа юм.

Тухайлбал, Британийн Ерөнхий сайд Кир Стармер уур амьсгалын өөрчлөлтийн талаарх улс төрийн дэмжлэг буурч байгааг хүлээн зөвшөөрчээ. Өмнө нь энэ асуудлаар Британи болон бусад улсуудын дунд хүчтэй харилцан ойлголцол, эв нэгдэл байсан бол "Харамсалтай нь, өнөөдөр энэ зөвшилцөл алга болсон" гэсэн байна.

Чилийн байгаль орчны сайд Майса Рохас ВВС агентлагийн сурвалжлагчид АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг байгалийн шинжлэх ухааныг үгүйсгэснийх нь төлөө “Худалч” гэж цоллосон байна. “Шинжлэх ухаан бол маш тодорхой, үнэн байдаг. Үнэнийг худалчлахгүй байх нь маш чухал” гэж тэрбээр өгүүлжээ.

Колумб болон өөр бусад улс орны удирдагчид ч Д.Трампын уур амсьгалын өөрчлөлтөд хандаж буй хадлагыг шүүмжилж буй.

АНУ-ын ерөнхийлөгч есдүгээр сард НҮБ-ын 80 жилийн ойн хуралд үг хэлэхдээ “Уур амьсгалын өөрчлөлт бол дэлхий дээр хийсэн хамгийн том луйвар" гэж онцолсон юм.

Сүр дуулиантай, олон улсын анхаарлын төвд байсан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын Талуудын 30 дугаар бага хурал энэ удаад ийнхүү гол оролцогчидгүй хэтэрхий даруухан болж өнгөрөх төлөвтэй байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна