2025 оны 11 дүгээр сард "Монгол бахархал" агуулгын хүрээнд бүтээлч сарын аян зохион байгуулагдана

Х.Есү
5 цаг 16 минутын өмнө

Монгол хүний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлж, үндэсний бахархал, эв нэгдлийг бэхжүүлэх, өвөрмөц амьдралын хэв маяг бүхий нүүдлийн соёл иргэншлийн онцлогийг хадгалж хамгаалах, үндэсний оюун санаа, түүх, өв соёл, ёс заншил, уламжлалт арга хэлбэрийг үе дамжуулан өвлүүлэх ажлыг эрчимжүүлэх хэрэгцээ, шаардлага өнөөгийн нийгэмд улам ихээр нэмэгдэж байна. 

Монголчуудын эх хэл, түүх, соёл, оюун санааны дархлааг бэхжүүлэх, монгол бахархлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхэн хүмүүсийн мэндэлсэн өдөр, түүхэн үйл явдлууд тохиосон чухал ач холбогдолтой цаг хугацаа 2025 он болон энэ оны 11 дүгээр сард тохиож байна.

Тухайлбал:

Их эзэн Чингис хаан-Тэмүүжин мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн тогтоож, Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрийдэх Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг гаргасан бөгөөд энэ оны 11 дүгээр сарын 21-ний өдөр бүх нийтээр ёслон тэмдэглэнэ.


Өдгөөгөөс нэгэн зууны тэртээ 11 дүгээр сарын 26-ны өдөр Монголчууд дэлхий дахинаа Бүгд Найрамдах улсаа тунхаглаж анхдугаар Үндсэн хуулиа баталж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан бөгөөд энэ оны мөн өдөр "Улс тунхагласны баяр"-ын өдрийг бүх нийтээр ёслон тэмдэглэнэ.

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 183 дугаар тогтоолоор Монголын төр, шашин, соёлын нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг, Засгийн газрын 2025 оны 67 дугаар тогтоолоор Монгол Улсын Төрийн шагналт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, академич Бямбын Ринчений мэндэлсний 120 жилийн ойг тус тус 2025 онд тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарч ойг зохион байгуулах ажлууд үргэлжилж байна.

Иймд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас эдгээр түүхэн өдрүүдийн ач холбогдол, үнэ цэнэ, бахархалт хүмүүсийн бүтээл туурвил, бүтээлч сэтгэлгээг үндэсний хэмжээнд иргэд, олон нийт, хүүхэд залуучуудад таниулах, сурталчлах зорилгоор 2025 оны арваннэгдүгээр сарыг “МОНГОЛ БАХАРХАЛ” уриан дор бүтээлч сарын аян болгон тэмдэглэж улс, бүс, орон нутаг, байгууллагын түвшинд хэрэгжүүлж ажиллах чиглэлийг төрийн болон орон нутгийн өмчийн соёл урлагийн байгууллагуудад хүргүүлэв.

Соёл, боловсрол, нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоод, олон нийтийн байгууллагууд, чөлөөт уран бүтээлчид, эрдэмтэн судлаачид та бүхэн “МОНГОЛ БАХАРХАЛ” агуулгын хүрээнд үйл ажиллагаагаа уялдуулж ажиллахыг уриалж байна.

ЭНЭХҮҮ БҮТЭЭЛЧ САРЫН ХҮРЭЭНД УЛСЫН ХЭМЖЭЭНД:

Соёл, уламжлал, түүхээ хүндэтгэх сэтгэлгээг төлөвшүүлэх,
Үндэсний хэл, бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, үнэ цэнийг таниулах,
Төр, нийгмийн зүтгэлтнүүдийн бүтээл туурвил, үзэл санааг түгээн дэлгэрүүлэх,

Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааг сурталчлах, тусгаар тогтнолын үнэ цэн, эрх зүйт соёлын ухамсрыг бэхжүүлэх чиглэлээр дараах өргөн хүрээтэй үйл ажиллагаа зохион байгуулагдана.

Үзэсгэлэн
Сургалт, лекц, хэлэлцүүлэг
Эрдэм шинжилгээний хурал
Боловсролын хөтөлбөрүүд
Урлагийн тоглолт
Телевиз, радиогийн уран сайхны нийтлэл, нэвтрүүлэг
Танин мэдэхүйн цахим контентууд олон нийтийн хүртээл болох юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна