Ж.Өнөмөнх: О.Уламсайхан найзуудын хамтаар айлын гэрт дайрч орж, эхнэрт нь гар хүрсэн гэх мэдээлэл нь ОГТ ҮНДЭСЛЭЛГҮЙ

С.Гандэлгэр
3 цаг 4 минутын өмнө

"Ноорог.мн сайтын үүсгэн байгуулагч О.Уламсайхан бусдад хутгалуулж, хагалгаанд орсон талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл хагалгаа амжилттай болж, ухаан орсон талаар түүний найз Ж.Өнөмөнх цахим хуудастаа мэдээлжээ.
Тэрбээр "О.Уламсайханы хагалгаа амжилттай болж ухаан орсон. Болсон хэргийг тодорхой субъектууд янз бүрээр тайлбарлаж, үндэслэлгүй хуурамч мэдээлэл түгээж буй тул залруулга хийхэд,

Тухайн хэргийг найз нөхдийн маргаан байсан, хамт жагсаж явсан нөхөд нь гэм хор учруулсан гэх үндэслэлгүй мэдээлэл түгээж байна. О.Уламсайхантай ямар нэг холбоо хамааралгүй, таньж мэдэхгүй хөндлөнгийн этгээд үйлдсэн болно. Тус үйл явдлыг санаатайгаар, зориудаар төлөвлөсөн эсэхийг зөвхөн мөрдөн шалгах ажиллагааны эцэст тогтоох тул хэт улстөржүүлэхээс зайлсхийнэ үү.

О.Уламсайхан найзуудын хамтаар айлын гэрт дайрч орж, эхнэрт нь гар хүрсэн гэх мэдээлэл нь ОГТ ҮНДЭСЛЭЛГҮЙ. Хэрэг Уламсайханы гэрийн орцонд болсон. Холбогдох нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны нууцад хамруулсан тул бидний зүгээс задлах, олон нийтэд түгээх боломжгүй. Гэхдээ олон нийтийн сүлжээнд зориудаар түгээж буй мэдээлэл үндэслэлгүй гэдгийг НОТТОЙ, ХАРИУЦЛАГАтайгаар мэдэгдье.

Сэжигтэн талаас О.Уламсайханы оролцсон жагсаалыг буруутгаж, өдөөн хатгаж, эцэст нь гэм хор учруулсан. Өнөөдөр аливаа иргэн Монгол улсын Үндсэн Хуулиар олгосон жагсаж цуглах эрхээ эдэлснийхээ төлөө аюул заналхийлэл, бие махбод, сэтгэл санаа, нэр төрийн халдлагад өртсөнд тун харамсалтай байна. Уг асуудлаар Хүний Эрхийн Үндэсний Комисст мөн хандсан болно.

Иймд та бүхнийг ямар нэг баримт, нотолгоогүй мэдээлэлд үндэслэж бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байхыг уриалж байна" гэжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.79
    1 цагийн өмнө

    Муу хүн үхдэггүй гэж.

    Хариулах