“Улаанбаатар трам” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ

Х.Есү
3 цаг 41 минутын өмнө

Авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар хүртээмжийг сайжруулахаар Улаанбаатар хотод олон төрөлт нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. 

Энэ хүрээнд Зунжин худалдааны төвийг хотын төвтэй, Яармагийг хотын төвтэй холбох “Улаанбаатар Трам” төслийг хэрэгжүүлнэ. Уг төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бөгөөд бүрэн шинжилгээ хийж байна. 

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 22.4-р заалтын дагуу 2025.09.29-нөөс 2025.10.29-ний өдрүүдэд “Улаанбаатар Трам” төслийн талаар зах зээлийн судалгаа хийх, хувийн хэвшлийн түншлэгчийн хөрөнгө оруулалтыг татах, тандан судлах, хувийн хэвшлийн түншлэгчийн оролцоог судлах зорилгоор олон нийтэд саналын урилга хүргэсэн. Энэ хугацаанд хувийн хэвшлийн оролцогчдоос 4 санал ирүүлээд байгаа юм. 

Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх нь улсад болон татвар төлөгчдөд ямар үнэ цэнэ, үр ашиг авчрах эсэхийг бүрэн шинжилгээгээр баталгаажуулдаг. Тодруулбал, хувийн хэвшлийн хөрөнгө, шинэ технологи, чадварлаг менежментийг ашиглан төслийг илүү хурдан, чанартай хэрэгжүүлэх боломжийг тооцдог. 

Цаашид, "Улаанбаатар Трам" төслийн бүрэн шинжилгээний дүнд сонгон шалгаруулалтыг албан ёсоор зарлах юм. “Улаанбаатар Трам” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх нь нийтийн тээврийн шинэ шийдлийг богино хугацаанд, чанартай, үр ашигтайгаар нэвтрүүлэх стратегийн оновчтой хэлбэр юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна