Б.Цэнгэл: Хөтөлийн "Цемент шохой" компанийн нөхцөл байдал амаргүй байна. Асуудал гаргасан хүмүүсийг шалгах ёстой

Т.Отгонсувд
3 цаг 38 минутын өмнө

Хөтөлийн "Цемент шохой" ХХК-ийг одоогоос гурван жилийн өмнө төрд буцаан авсан. Үүнээс хойш сонгон шалгаруулалтгүйгээр шууд удирдлагыг томилж, гурван жилийн хугацаанд гурван захирлын нүүр үзээд буй. Чадваргүй, мэргэжлийн бус удирдлагын буруугаас болж төрийн өмчит компани санхүүгийн хямралд орж, дампуурахад ойрхон болсон. Мөн удирдах албан тушаалтнууд нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, компанид онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг АТГ-аас шалгаж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Уг асуудлаар Төрийн өмчит компанийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлээс тодрууллаа. 

ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл: "Цемент шохой" ХХК-г хоёр жилийн өмнө Эрдэнэс Монгол групп-д харьяалагддаг болсон. Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг би сайн мэдэхгүй. Тэгэхээр энэ асуудлыг Эрдэнэс Монголоос тодруулах нь зүйтэй. 

ТӨБЗГ-т харьяалагддаг байхдаа удирдлагыг яаж томилдог байсан юм бэ? Сонгон шалгаруулалт явуулах ёстой гэдгийг сүүлийн хоёр захирлын хугацаанд яригдаж байна шүү дээ.

-Түр томилдог байсан болов уу гэж бодож байна. Ер нь бол Төрийн өмчит компанийн гүйцэтгэх удирдлагыг томилохдоо бол Засгийн газраас баталсан журмын дагуу хэрэгжүүлэх ёстой. Энэ журмаараа бол нээлттэй сонгон шалгаруулалт зарладаг юм. Өөрөөр хэлбэл ажлын байрны шаадлагыг батлаад нээлттэй сонгон шалгаруулалтаар тухайн хүн ямар шаардлагуудыг яаж хангаж байгааг харгалзаж, энэ албан тушаалд томилдог. 

Хөтөлийн "Цемент шохой" ХХК-д мэргэжлийн бус удирдлага томилсноос үүдэж тус үйлдвэр сүүлийн гурван жил алдагдалтай ажиллаж байна. Үүнээс үүдэн компани санхүүгийн хямралд орж, дампуурахад ойрхон байна гэдгийг үйлдвэрийн ажилчид, удирдлагууд хэлж байна. Үүн дээр та ямар байр суурьтай байна? 

-Ер нь бол Хөтөлийн "Цемнент шохой"-н нөхцөл байдал амаргүй байгаа. Та бүхэн санаж байгаа бол анх 60 сая долларыг Хөгжлийн банкнаас зээлж хөрөнгө оруулалт хийж байсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хугацаанд авсан зээлийнхээ өр төлбөрийг огт барагдуулаагүй. Үүнээс үүдээд 450 гаруй тэрбум төгрөг Хөгжлийн банкан дээр гацчихсан байна. Тиймээс Төрийн өмчит компаниудын банкан дахь нийт 1,6 их наяд төгрөгийн зээлийг цэгцлэх шаардлагатай байгааг Ерөнхий сайдад хандсан байгаа. 

Тус компанид асуудал байгаа бол хууль хяналтын байгууллагууд шалгаад, хариуцлага тооцох ёстой" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна