Гарааш буулгаж газрыг чөлөөлсөн ч тохижилт хийгдээгүй үлдсэн байршлуудад ирэх жил хөрөнгө оруулалтын ажил хийнэ

Х.Есү
2025/11/07

Баянгол дүүргийн 19, 18, 17 дугаар хороо нь “Хороолол бүс” буюу Энэбишийн өргөн чөлөө, С.Амарсанаагийн гудамж, Жалханз Хутагт Дамдинбазарын гудамж, Чингүнжавын гудамжаар хүрээлэгдсэн нэг блок дотор байрладаг 100 хувь байшин хороолол юм. Харин 16 дугаар хороо нь Өндөр гэгээн Занабазарын гудамж дагуу буюу Гандангийн бүсэд байрладаг гэр болон орон сууцны хороолол хосолсон хороо.

Дүүргийн 34 хорооны Ажлын албаныхантай уулзах уулзалтын хүрээнд /2025.11.06/дээрх хороод болон тухайн бүсээс сонгогдсон дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нартай уулзалт зохион байгууллаа. Энэ үеэр дээрх хороодод 2025 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын тайланг сонслоо.

Өнгөрсөн 5 жилийн хугацаанд дээрх хороодод шат дараатай олон ажил хийсэн. Тухайлбал,  

  • Дулаан алдагдал ихтэй байруудыг дулаалах,
  • Томоохон авто замуудыг өргөтгөн шинэчлэх,
  • Нийтийн эдэлбэр газар зөвшөөрөлгүй барьж, орчны бохирдол үүсгэж байсан гараашийг буулгаж, авто болон явган хүний зам шинээр тавих, өргөтгөх,
  • Бүх насны оршин суугчдад зориулсан тохижилттой талбай байгуулах,
  • Хороолол дундах авто болон явган хүний замыг засах, өргөтгөх,
  • Сургууль, цэцэрлэгийн өргөтгөл барьж ашиглалтад оруулах зэрэг тухайн хорооны оршин суугчдад зориулсан олон ажил хийсэн байна.

Хэдий тийм ч дээрх бүсэд 1980 оноос хойш томоохон засвар шинэчлэлийн ажил хийгдээгүйгээс тулгамдсан асуудлууд байсаар байна. иймд, Хороодын Засаг дарга нарын танилцуулсан гэрэлтүүлэг, камержуулалт, хороолол дундах авто замын нөхөөс гээд төсөв мөнгө ихээр шаардахгүй дүүрэг орон нутгийн хэмжээнд хийж болох тулгамдсан асуудлыг чиглэл чиглэлээр нь нэг багц болгон хийж гүйцэтгэх талаар санал солилцлоо.

Мөн хороолол бүсэд байсан нийтийн эдэлбэр газар байсан гараашуудыг буулгасан ч тохижилт хийж эхлээгүй байршлуудад тухайн орчинд шаардлагатай тоглоомын талбай, тохижилт, авто зогсоол зэрэг ажлыг ирэх жилийн хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөгөөнд оруулж хийх талаар ярилцлаа.  

Түүнчлэн оршин суугчдын зүгээс хуучны байруудад фасад хийлгэх талаар их санал ирүүлдэг. Тэгвэл иргэд оршин суугчид өөрсдөө амьдарч буй орчноо сайжруулахад оролцоогоо нэмэгдүүлсэн бол дулаалгад хамруулахад хамтарч ажиллах талаар Хороодын Засаг дарга нарт чиглэл өглөө.   

Түүнчлэн энэ онд Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох 1.5 км авто замын томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа бөгөөд үүнтэй уялдуулан ирэх жил Ард Аюуш болон Энэбишийн өргөн чөлөө дагуух авто болон явган хүний зам дагуу гэрэлтүүлэг, тохижилтын ажлыг цогцоор нь хийх юм.

Мөн 16 дугаар  хороонд гэр хорооллын айл өрхүүдийг дэд бүтэц, цэвэр бохир ус, дулааны төвийн шугам сүлжээнд холбох ажил үргэлжлэн хийгдэж байгаагаас гадна агаарын чанарыг сайжруулах төсөл арга хэмжээний хүрээнд айл өрхүүдийг ЧИП БАГЦ төсөлд хамруулах ажил хийгдэж байгаа бөгөөд энэ бүсэд Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд байрладаг учраас улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих бүтээн байгуулалтын ажлууд шат дараатай хийгдэж байгаа юм.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна