Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр "Монгол бахархлын өдөр" энэ жил арваннэгдүгээр сарын 21-ний баасан гаригт буюу өнөөдөр тохиож байна. Жил бүр Монгол бахархлын өдрөөр төр, нийгэмд үнэмлэхүй гавьяа байгуулсан иргэн, байгууллагыг төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.
Энэ жилийн тухайд "Чингис хаан” одонг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны академи/ШУА/-ийн академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, хуульч, нийгмийн зүтгэлтэн Содовсүрэнгийн Нарангэрэлд хүртээлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх одон гардуулах үедээ С.Нарангэрэлд төр улс, ард түмэн оршин байхын гол үндэс нь ёс суртахуун болохыг номлож байсанд нь, хууль эрхзүйн салбарт хийж бүтээсэн бүхэнд нь Монголын төр талархаж байгааг илэрхийлсэн бол С.Нарангэрэл "Эгэл жирийн боловч эгэл биш удам судартай хуульчийг онцолж шагнасанд талархаж байна" гээд, төрийн өндөр албан тушаалтнуудад "Чин шударгыг эрхэмлэн сахиж, бүрэлгэн сүйтгэхийг хориглон зогсоогоод, идэх хоол, өмсөх хувцсаа адуучин, үхэрчинтэйгээ хуваалцаж, ард иргэдийг үр хүүхэдтэйгээ адил үзэж, цэрэг дайчид, эрдэмтэн мэргэждийг ах дүүгээ мэт хүндлэн, эв эүеийг эрхэмлэн, энэрэл хишгийг түгээж явна" хэмээх Чингис хааны андгайг сонсгосон бол монголчууддаа хандаж, "Эцгийн нэрийг хүү нь өргөдөг хэмээх Чингис хааны билиг сургааль, уламжлалыг монгол хүн бүр даган хичээх нь монголчуудын Монгол нутагтаа монголоороо ганц зам ч байж мэдэх юм" хэмээн сургамжийн үгээ хэлэв.
Академич С.Нарангэрэл нь 1953 оны тавдугаар сарын 30-нд Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу буюу одоогийн Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн. Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор цолтой, Монголын хуульч, улс өрч, нийгмийн зүтэлтэн юм.
“Чингис хаан” одонг хүртсэн анхны эрхэм бол Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат юм. Ерөнхийлөгч асан Н.Багабандийн сүүлчийн зарлиг нь “Чингис хаан” одонг хүртээх тухай зарлиг байсан бөгөөд энэхүү зарлиг нь 2005 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 188 дугаартай зарлиг байв. Энэ одонг хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди зарлиг гаргаж, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, анхны Ерөнхийлөгч П.Очирбатад гардуулж байсан түүхтэй. Үе үеийн “Чингис хаан” одонг хэн гэдэг эрхмүүд хүртэж байсныг эргэн саная.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна