Эгэл ардын амьдрал, тэдний үзэл бодол, амьдралын түүхийн талаар ярилцдаг "Эгэл амьдрал" контент энэ удаагийн дугаартаа хөргөгч засаж, зардаг гэр бүл М.Гааяабазар, З.Одхүү нарыг онцолж байна.
Тэдний хувьд 1996 онд гэр бүл болж, Булган аймагт гурван ханатай гэрт амьдралаа эхлүүлж, 2000 оноос Улаанбаатар хотод ирж, амьдарсан.
Хоосон нойтон эхэлсэн амьдралаа хөдөлмөрч зан чанар, бие биенээ гэсэн сэтгэлийн хүчээр өнөөдөр тэд дөрвөн хүүхдээ өндөр боловсролтой тус тусын амьдралтай болгожээ.
М.Гааяабазар "Би барилгын өрөгч мэрэгжилтэй ч зах зээл шилжиж байх үед ажил олоход хэцүү байсан. Анх амьдрал эхэлж байхад хоёр нялх хүүхэдтэй, гурван ханатай гэртэй, би хөдлөхгүй л бол гэр бүл минь хоосон хонох дээрээ тулсан хүнд үе байсан.
Улаанбаатар хотод ирээд ахыгаа дагаж, хөргөгч засаж сурсан. Үүнээс хойш эхнэр бид хоёр айлын эвдэрсэн хөргөгчийг худалдаж аваад, засаж, угаагаад зардаг болсон. Өнөөдрийг хүртэл энэ ажлаараа амьдралаа залгуулаад явж байна" гэв.
З.Одхүү "Миний хань гарын эв дүйтэй, чадахгүй зүйл байхгүй. Анх Булганд бид нурааж байгаа барилгын тоосго цэвэрлэж, зардаг байсан. Дараа талх барьж зардаг гээд л бүхнийг сурч, хийж амьдрахын төлөө хичээсэн. Аав ээжүүд маань эрт өнгөрсөн учир бид хоёр бусдаас гуйхыг хүсээгүй өөрсдийн хөдөлмөрөөр өнөөдрийнхөө амьдралыг босгосон. Би одоо байгаа эгэл амьдралдаа сэтгэл хангалуун байдаг.
Миний хань нэг хэсэг архи дарс ууж, амьдралаа орхиод явж байсан ч ухаараад эргээд ирсэнд нь талархдаг. Хоосон нойтон хонож, эр хүний ажлыг ч хийж байхдаа шантарч гутарч үзээгүй. Хүн ер нь аливаа зүйлийг сэтгэлээсээ хийж, хөдөлмөрч хандвал бүх зүйл сайхан болдог гэдэгт итгэдэг" гэв.
30 жил бие биенээ түшиж, амьдралаа босгосон гэр бүл залуусдаа хөдөлмөрч байж, хийж байгаа сэтгэлтэй хандаж явбал цаашдын ажил үйлс нь бүтэмжтэй байдаг юм шүү хэмээн захилаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
150.228.177.14
Сайхан хөдөлмөрч улсууд байна аа ийм эгэл иргэдийн нуруун дээр өнөөгийн Монгол улс тогтож явна даа
Хариулах