УКРАИНЫ ЭНХИЙН ХЭЛЭЛЦЭЭР: 28 биш, 19 зүйлтэй шинэ төлөвлөгөө яригдах уу

Х.Батсайхан
3 цаг 3 минутын өмнө

АНУ, Украины төлөөлөгчид Швейцарийн Женев хотноо хэлэлцээр хийж байна. Хоёр тал АНУ-аас санал болгосон 28 зүйл бүхий, Украинд энх тайван тогтоох саналыг хэлэлцэж байгаа бөгөөд сүүлийн үеийн мэдээллийн тоймлон хүргэж байна.

АНУ Украинд энх тайван тогтоохыг хүсэж байна. Украин бүр ихээр энхтайвныг хүсэж байгаа нь ойлгомжтой ч хэтийдсэн төлөөс төлөхийг хүсэхгүй байгаа нь хэлэлцээрийн гол дүр зураг байв.

Герман, Франц, Их Британийн үндэсний аюулгүй байдлын ажилтнууд Украинд зөвлөж байгаа бөгөөд хэлэлцээрт оролцож буй Украины төлөөлөгчид тэднээс зөвлөгөө авахын тулд байн, байн орж, гарч байгааг харж болохоор байв. Харин төлөөлөгчдийн ахлагч Андрей Ермак ганцхан удаа гарч харагдахдаа маш баргар байсан гэж ВВС бичжээ.

 АНУ-ын санал болгосон эхний төлөвлөгөө бол Украинд бүх талаар буулт хийхийг шаардсан, бараг тусгаар улс гэхэд хэцүү байдалд аваачих маш ашиггүй байдлаар хийгдсэн. Женевт болж буй хэлэлцээрийн эхэнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио 28 зүйлт төлөвлөгөөг ОХУ боловсруулаагүй гэдэг утгатай тайлбар хийсэн нь үүний нотолгоо.

Төлөвлөгөөний одоогийн хувилбар Украинд ашиггүй гэдгийг олон улс ч хүлээн зөвшөөрч, дэлхий нийт анхааралтай ажиглаж буй. Тодруулбал, ОХУ-ын хяналтад байгаа мужуудыг хүлээн зөвшөөрөх, цэрэг армийнхаа бие бүрэлдэхүүнийг 600,000-аас дээш гаргахгүй байх гэх зэрэг тулгалтууд сонсогдож буй.

Хэлэлцээрийн дунд хэсэгт Украин төлөвлөгөөний зүйл заалтуудад өөрчлөлт оруулах хүсэлт тавьж, зөвшөөрүүлсэн гэдэг мэдээлэл цацагдаж байсан бол төгсгөл хэсэгт 19 зүйл заалт бүхий шинэ төлөвлөгөө боловсруулсан гэх мэдээлэл цацагдаад байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.163
    45 минутын өмнө

    Орос л дайн дуусгая гэвэл дуусгана үгүй гэвэл үгүй тиймээс Оросын эрх ашиг л явагдана бусад европын орнууд бол бүгд цаашаа цаасан барнууд

    Хариулах