Эрүүгийн хуулийн 13.14 нь Үндсэн хууль зөрчсөн эсэх шийдвэрийг өнөөдөр танилцуулна

Х.Батсайхан
3 цаг 11 минутын өмнө

Эрүүгийн хуулийн 13.14-т заасан худал мэдээлэл тараах зүйл нь Үндсэн хууль зөрчсөн эсэх гомдлыг ҮХЦ Дунд суудлын хуралдаанаараа өчигдөр хэлэлцлээ. Эл шийдвэрийг Үндсэн хуулийн цэц өнөөдөр /2025.11.25/ танилцуулна.

Өчигдөр болсон дунд суудлын хуралдааны үеэр мэдээлэл гаргагч болон өмгөөлөгчдийнх нь илэрхийлсэн байр суурийг хүргэж байна. 

Ж.Баттуулын өмгөөлөгч Д.Оросоо "Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө Эрүүгийн хуулиар шалгагдаж байна. Хулгай, дээрэм хийсэнтэй адилхан шалгагдаж байна. Үндсэн хуульд "Хүнийг үзэл бодол, итгэл үнэмшлийнх нь төлөө яллаж болохгүй" гэсэн заалт бий. Тиймээс Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт Үндсэн хуультай харшилж байна. Эрүүгийн хуульд "гүтгэх" гэдэг заалт байсан. 2020 онд шинэ төрлийн гэмт хэрэг болгож, "худал мэдээлэл тараах" гэдэг үг оруулж ирсэн. Гүтгэх заалтаас гэмт хэргийн агуулга, хүрээгээрээ шинэ хэв шинжтэй байна. Тиймээс хүний эрхийг зөрчсөн. Худал мэдээлэлтэй тэмцэхийн тулд үг хэлэх эрхийг хязгаарласан. Иргэний хуулийн 21.1 дээр давхардал үүсгэсэн.

Улстөрчид иргэний хэргээр явах уу, эрүүгийн хуулиар явах гэдгээ шийддэг. Тэгээд сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар шалгуулахаар өгч, дансыг хүртэл шалгуулдаг болчихсон.

2020 онд 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн" 

Мэдээлэл гаргагч, иргэн Э.Хүрэлбаатар, "20 гаруй жил сэтгүүлчээр ажиллаж, редакц толгойлохдоо олон удаа хууль хяналтын байгууллагад дуудагдаж байна. Редакциараа дуудагдах ч тохиолдол гарсан. Энэ хүнийг буюу хэвлэл мэдээллийнхнийг залхаан цээрлүүлье гэсэн ганц зорилготой. Маш олон сэтгүүлч эрэн сурвалжлах сэтгүүлчээр ажиллахаас татгалзаж байна. 4000 гаруй хүнээс 20 гаруйхан эрэн сурвалжлах сэтгүүлч байна".




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна