Т.Оюунбаяр: Ханийг минь амиа алдахад хүргэсэн жолооч маргалдаж, мэтгэлзсээр эцэст нь 2 жилийн хорих ял авсан

Х.Есү
15 цаг 1 минутын өмнө

Талийгаач Ө.Батзул агсны эхнэр Т.Оюунбаяр ослын талаарх мэдээллийг өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. 

Тэрбээр, "Би 2024.07.30-ны өдөр болсон зам тээврийн ослын хэргийн талаар олон нийт болон сэтгүүлчид, сайтуудын ихээр сонирхон мэдээлэл авах гэсэн байнгын хүсэлтийн дагуу осолтой холбоотой мэдээллийг ил тодоор хүргэж байна.

2024.07.30-ны өдөр бусдын болгоомжгүй буруутай үйлдлээс болж “Эрдэнэтийнхээ ойд түрүүлчихээд ирнэ ээ” гээд одсон хайрт хань минь харамсалтайгаар амь насаа зуурдаар алдсан юм.

Энэ зам тээврийн ослын хэргийг шүүх процесс 1 жил 2 сарын хугацаанд үргэлжилсэн бөгөөд эсрэг талын удаа дараагийн хүсэлтээр хойшлогдон, нийтдээ 7-н удаа хурал товлогдсоны эцэст шүүхийн шийдвэр үнэн зөвөөр батлагдан гарсан.

Миний бие Монгол улсын нэрийн өмнөөс … хэмээн гарчигласан шүүхийн шийтгэх тогтоолын хуудсыг гардан авснаар хэргийн шүүх хуралдааны процесс дуусч эцэслэгдэн хаагдаж байна.

2024.07.30-ны өдөр болсон зам тээврийн осолд эрдэнэт хүний амь нас харамсалтайгаар хохирч, 1 хүний биед ноцтой гэмтэл учирсан байдаг. 

Тухайн осол болсон өдөр ханийг маань барилдахаар яаран маш хурдтай явсан, гүйцэж түрүүлэхээр завдсан, жолооны үнэмлэхгүй байсан гэсэн, Эрдэнэтийн зам эвдрэлтэй муу учраас осол болсон байх, эсрэг урсгалын жолооч согтуу байсан уу? гэх мэт өнөөдрийг хүртэл ам дамжсан таамаг төдий худал мэдээллүүд ихээр гарсанд тухайн өдөр ослын газарт хийгдсэн баримтжуулалт, шинжээчдийн дүгнэлт зэрэгт үндэслэсэн бодитой мэдээллийг нийтэлж байна.

1. Ослын газрын хэмжилт, шинжээчдийн дүгнэлтээр эсрэг урсгалын машин нь урсгал сөрж орсон нь тогтоогдсон.

2. Шүүгдэгчийн анхны мэдүүлэг болон гэрчийн мэдүүлэгт бороо ороод үзэгдэх орчин муу байсан учраас урдаас ирж байсан гэрлийг өөрийн урсгалаар ирж байна гэж бодоод зүүн тийш дарсан гэх мэдүүлэг нотлох баримтаар авагдсан.

3. Цусны шинжилгээгээр 2 талын жолооч нарт согтолтын зэрэг илрээгүй нь эрүүлээр жолоо барьж явсныг нотолдог.

4. Шүүгдэгч нь С ангиллын буюу ачаа тээврийн машин жолоодох эрхгүй байсан.

5. С ангиллын эрхгүй жолоочоор ажил олгогч Б…… компани өөрийн ажлыг гүйцэтгүүлсэн.

6. Хань минь 2028 он хүртэл хүчинтэй, В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхтэй байсан.

7. Мөн тэр өдөр ширүүн бороо ихээр орсны улмаас 2 талын машины хурдыг тодорхой тогтоох боломжгүй гэж дүгнэсэн ч ачааны машин хэд хэдэн машиныг гүйцэт түрүүлээд явахад их хурдтай явдаг жолооч байна даа гэж бодсон гэх тухайн замд жолоо барьж явсан жолоочийн ам ярианаас, тухайн үед үзэгдэх орчин муу байсан учир тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн удааширсан байтал ачааны тээврийн хэрэгсэл гэнэт эсрэг урсгал руугаа дараад орсон гэх ард нь явсан жолоочийн гэрчийн мэдүүлэг зэргээс хэний буруутай үйлдлээс осол болсон нь маргах ч зүйлгүй тодорхой байлтай.

Мөн осол гэгээн цагаан өдрөөр, эвдрэл гэмтэлгүй,өндөр даваа гүвээ, далангүй шулуун замд болсон байсан бөгөөд нөхөр маань ч нутгийнхаа замын нөхцөл байдлыг буюу хаана ямар саад, эвдрэл байдгийг сайн мэддэг байсан.

Хамгийн гол нь манай гэр бүл өнөөдрийг хүртэл бүтэн жил гарны хугацаанд хэргийн үнэн зөвийг шударгаар тогтоолгож түүнийгээ амгаланд нь оршоолгохыг л хүсэж байв.

Зам тээврийн осол аваар ихэвчлэн санамсар болгоомжгүйгээр үйлдэгдсэн
байдгийг ойлгож байлаа.

Гэвч хүний амь нас харамсалтайгаар хохирсон байхад осол гаргасан этгээд болон түүний гэр бүлийнхэн, түүний ажил үүргийг хариуцагч байгууллагаас (Ачааны машины жолооч осол болох үеэр ажил үүргээ гүйцэтгэн бараа зөөж явахдаа тус ачааны машиныг жолоодох С ангиллын эрхгүй байсан юм. Ажил үүргийг нь хариуцагч компани нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллуулах ёстой байтал ямар ангиллын жолооны үнэмлэхтэй эсэхийг нь ч мэдэхгүй олон жил жолоочийн үүрэг гүйцэтгүүлсэн байсан. Энэ хариуцлагагүй үйлдлээ ч мөн ухамсарлаагүй ээ.) өмгөөлөгчдийнх нь зүгээс ч тэр ар гэрийнхэнтэй маань холбоо барьж гэм буруутай үйлдэлдээ гэмшин эмгэнэл илэрхийлж уучлалт хүсэх зэрэг хүн ёсны наад захын үйлдэл нэг удаа ч гаргаагүй бөгөөд шүүхээс гэм буруутайд тооцох хүртэлх бүх шатны хуралд хийсэн үйлдэлдээ огт гэмшсэн шинжгүй маргалдаж, мэтгэлзсээр шүүх хурлыг удаа дараа хойшлуулан бидний гэр бүлд маш хүнлэг бус, хүндэтгэлгүй хандсаар ирсэнийг энд сануулан бичье.

Ийм илэрхий хэрэгт, Ц овогтой О нь анхны мэдүүлэгтээ ч өөрийн хийсэн үйлдлээ мэдүүлсэн байдаг.

Харин хуулийн туслалцаа авсны дараагаар буюу өмгөөлөгчдийнхөө зөвлөгөөгөөр дахин мэдүүлэг өгөхдөө анхны мэдүүлгээсээ илт зөрсөн мэдүүлэг өгч, мөн олон нийтийн сошиал сувагт өгсөн хүмүүсийн таамаг яриа, нийтлэл бичвэрийг баримт болгон хавсарган нөхрийг маань яарч сандран хурдтай явсанаар урсгал сөрж орж ирсэн гэх зэргээр бурууг өөрсдөөсөө холдуулах гэж зүтгэсээр л байсан бөгөөд улмаар ослын үед хийгдсэн авто замын мэргэжлийн шинжээчдийн гаргасан дүгнэлтийг үгүйсгэн, мөргөлдсөн А цэгийг өөрсдөд ашигтайгаар өөрчлүүлэхийг хүртэл хүссэн.

Шинжээчдийг дахин томилуулах хүсэлтийг ч шүүхэд өгч дахин мэргэшсэн шинжээч томилж эсрэг урсгал сөрж орсныг нь зам тээврийн ослын мэргэжлийн шинжээчид удаа дараа нотлох хүртэл бидний эсрэг бүхий л боломжит хувилбараар шүүх хурлын явцыг санаатайгаар удаашруулж байсныг мөн тэмдэглэн үлдээе.

Уг нь гэм буруугаа ойлгон ухамсарлаж, ард нь үлдэж байгаа гэр бүлийхэнд маань хүндэтгэлтэй хандаж, ганц ч удаа болов чин сэтгэлийн уучлал хүссэн байсан бол бидэнд тэднийг ойлгож бодох хүн чанарын хэмжүүр байсаан.
Хэн ч осол аваар гаргахыг хүсэхгүйг ухамсарлаж байгаа ч үхсэн хүн үг хэлэхгүй гэдгээр хэрэгт хандаж байгаа байдал, харилцаа хандлага, увайгүй үйлдлүүдэд шүүхийн яллах дүгнэлтэд тусгасан 2 жилийн хорих ял харьцангуй, өчүүхэн шийтгэл байсан.

Зам тээврийн осол нь санамсар болгоомжгүйгээр үйлдэгддэг хэрэг гэж үзэн хамгийн ихдээ 5 жилийн хорих ял шийтгэлтэй байдаг юм билээ.
Шүүх байгууллага хуульд заасны дагуу яллах шийтгэл оноогдуулсан гэхдээ үүнээс чанга хууль дүрэмтэй, дүрмийг бүгдэд эрх тэгш биелүүлүүлдэг гүйцэтгэх байгууллагатай байсансан бол хэн дуртай нь орон нутгийн замд хүссэнээрээ хурдлахаас, гарцан дээр хүн дайрч гэмтээхээс, гүйцэж түрүүлэх үедээ замын хөдөлгөөний дүрмээ баримталдаггүйгээс, мэргэжлийн ангилалгүйгээр хэн дуртай нь болгоомжгүйгээр жолоо барихаас, жолооны курсэд мөнгө өгч чанаргүй үнэмлэх гаргуулахаас урьдчилан сэргийлж чадна шүү дээ.

Бид хэн нэгний мууг үзэх гэсэндээ биш олон хүнд сургамж анхаарал болоосой, ганцхан өөрийн амьдралыг биш бусдын амьдралыг ч хамгаалж анхаарал болгоомжтой явдаг хариуцлагатай жолооч байгаарай гэж чин сэтгэлээсээ хүсэж болсон бодит байдлыг дэлгэрэнгүй бичин үлдээж байна.

Эцэст нь хэлэхэд эрдэнэт хүний амь наснаас илүү үнэ цэнэтэй зүйл гэж юу ч үгүй юм шүү!!!

Наадам, цагаан сар, шинэ жил хэмээх бидний амьдралд аз жаргалтай мөчүүдийг бэлэглэдэг, сэтгэл догдлон хүлээдэг баяр манай гэр бүлийн хувьд сайн ханийгаа, сайхан аавыгаа илүүтэйгээр санан бэтгэрэх, харамсан халаглах хоосон баяр болж хувиржээ" гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна