Унаач хүүхдийн хөдөлмөрийг үнэлж, улс, аймаг, сумын шилдэг унаач цол олгохыг зохицуулсан хуулийн төсөл өргөн барьжээ

С.Гандэлгэр
3 цаг 18 минутын өмнө

Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар нарын гишүүд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдон дагалдах хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.11.27) өргөн мэдүүллээ.


Үндэсний баяр наадмын тухай хуульд допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизмыг суулгаж өгсөн ч энэ нь олон улсын допингийн стандарттай нийцэхгүй, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар хорооны шийдвэр нь шүүх дээр ирээд хүчингүй болох тохиолдол гарч буйг дурдаж, улсын цолыг шинжилгээний хариу ирсний дараа олгодог байхаар хуульчлах шаардлагатайг хуулийн төсөл санаачлагчид тодотгов.


Мөн хурдан морь унадаг хүүхдийн эрх зүйн асуудлыг хөндөж, амь нас, эрүүл мэндийг хамгаалах асуудлыг анхаарах нь зүйтэй гээд, үүнтэй зэрэгцэн унаач хүүхдийн хөдөлмөрийг үнэлж, улс, аймаг, сумын оны шилдэг унаач цол олгодог байхаар хуулийн дээрх хуулийн төсөлд тусгажээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдон дагалдах хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд  төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх агентлагуудын орон нутаг дахь байгууллагын захирал, удирдлагуудыг томилох, чөлөөлөх эрхийг хуулиар Засаг даргад олгох асуудлыг тусгасан байна. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоох” 37 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 26 газар, хэлтсийг тогтоосон байдаг юм байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна