“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 488.0 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл олгожээ

Х.Есү
1 цаг 31 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн 2025 оноос хэрэгжиж эхэллээ. “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуур, арьс шир боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх  158 аж ахуйн нэгжид 488.0 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл олголоо.


                                                                             Ноолуурын салбар 

Ноолуурын үйлдвэрлэлийн салбарт 2025 онд 28.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын хөнгөлттэй нөхцөлтэй зээл олгосноор үйлдвэрүүдийн ээрэхийн хүчин чадал 400 тн-оор нэмэгдэж 2,000 гаруй тн боллоо. Харин 315.2 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгосноор үндэсний үйлдвэрүүдийн түүхий ноолуурын худалдан авалт нийт ноолуурын 50 хувьд хүрч, самнасан ноолуурын техникийн зохицуулалт хэрэгжиж эхэлснээр  дотоодын үйлдвэрүүд жилийн 4 улиралд тасралтгүй ажиллан самнасан ноолуурын экспорт 5 дахин нэмэгдэж 244.0 сая ам.долларт хүрлээ.

                                                                           Ноосны салбар 

Ноосны үйлдвэрлэлийн салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 35.0 тэрбум төгрөгийн зээл олгогдож дотоодын үйлдвэрүүд 20,000 тн ноос бэлтгэлээ. Хөрөнгө оруулалтын 46.9 тэрбум төгрөгийн зээл олгогдож ээрэхийн хүчин чадал 300 тн, хялгас ялгахын хүчин чадал 500 тн, сүлжих, нэхэх, гүйцэтгэн боловсруулах хүчин чадал 200 мянган м.кв, сүлжих хүчин чадал 50 мянган ширхэгээр, ноосон дулаалгын хүчин чадал 3 мянган м.кв-аар тус тус нэмэгдлээ.

                                                                    Арьс ширний салбар 

Арьс ширний үйлдвэрлэлийн салбарт 25.1 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн, 28.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгогдож 1.2 сая ширхэг бог, 488 мянган ширхэг бодын шир бэлтгэх, гүйцэт боловсруулсан савхин үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, түүгээрээ дотооддоо гутал, цүнх, бэлэн бүтээгдэхүүн, хаягдлуудыг дахин боловсруулах желатин, шахмал шир үйлдвэрлэж байгаагийн дотор гутлын үйлдвэрлэлийн хүчин чадал жилд 550.0 мянган хос гуталаар нэмэгдэж 2.0 сая гутал үйлдвэрлэх хүчин чадалтай боллоо.

                                                                    Алтан хайч 2025

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Хонь ноослогчдын улсын аварга шалгаруулах “Алтан хайч-2025” анхдугаар тэмцээнийг гар болон цахилгаан хайчны төрлөөр явуулж Монгол Улсын 21 аймаг, нийслэлээс 100 гаруй малчид оролцлоо.

Тэргүүн байранд шалгарсан тамирчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит дурсгалын цом, батламж, тууз, мөнгөн шагналыг гардуулав. Цахилгаан хайчны мэргэшсэн түвшний ялагч 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн эзэн боллоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна